Япон Улсын төв банк өнгөрөгч гуравдугаар сард сөрөг хүүгийн бодлогоо халсан. Улмаар бодлогын хүүг 17 жилийн дараа анх удаа -0.1 хувиас өсгөж 0-0.1 хувийн түвшинд хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн бодлогын хүүгийн хурлаар гаргасан шийдвэрээр богино хугацааны хүүгийн түвшнийг 0-0.1% байсныг 0.25% болгож өсгөлөө. Энэ нь сүүлийн 17 жилийн хугацаанд хүүгийн түвшнийг өсгөсөн хоёр дахь тохиолдол болж байна.
Түүнчлэн, сар бүр төлөвлөсөн бонд худалдан авалтыг улирал бүр 400 тэрбум иенээр бууруулж, 2026 оны нэгдүгээр улиралд сарын бонд худалдан авах хэмжээг хоёр дахин буюу 3 их наяд иен болгон бууруулна. Мөн шаардлагатай гэж үзвэл бондын хэмжээг бууруулах төлөвлөгөөг дунд хугацаанд өөрчилж болно гэж мэдэгдлээ.
Япон, АНУ-ын хүүгийн зөрүү их байгаа нь сүүлийн хоёр жилийн хугацаанд иений ам.доллартой харьцах ханш буурахад хүргэсэн хэдий ч бараг хорин жилийн хугацаанд Японы төв банк хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөсөн нь тус улсын түүхэн дээд хэмжээнд хүрч уналтад орсон валютыг өсгөж, хүнс, эрчим хүч зэрэг импортын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнд илүү их төлбөр төлөх хэрэглэгчдийн ачааг хөнгөвчлөхөд тустай алхам боллоо.