Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний хагаст урьдчилсан гүйцэтгэлээр 41.4 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10 их наяд буюу 31.7 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 36.2, харилцах дансан дахь мөнгө 44.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Зургаадугаар сарын эцсийн байдлаар гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.3 их наяд төгрөг болсон нь өнгөрөгч сарынхаас 113.3, өмнөх жилийн мөн үеийнхээс 239.7 тэрбумаар өссөн дүн гэнэ.
Энэ жилийн эхний хагаст төгрөгийн хадгаламж өсөж, валютынх буурчээ. Тодруулбал, төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеийнхээс 36.2 хувиар өсөж, 19.6 их наяд төгрөгт хүрсэн бол валютынх 11.4 хувиар бууран, 4.6 их наяд төгрөг болсон аж. Төгрөгийн хадгаламжийн 85.5 хувь буюу 16.7 их наяд нь иргэдийнх, үлдсэн нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгосон зээлийн өрийн үлдэгдэл 33.5 их наяд болжээ. Үүний 90.5 хувь нь хэвийн, 5.8 хувь нь чанаргүй, 3.7 хувь нь анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл гэнэ.