Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аялал жуулчлалаас үүдэлтэй хүрээлэн байгаа орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, ахуйн болон аюултай хог хаягдал, олон нийтийн газар бие зассан, нус цэр шүлс, тамхины иш хаях, бусад төрлийн бохирдол /нүхэн жорлон/-оос сэргийлэх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, дээрх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 06 дүгээр сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээг орон нутагт “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, нийслэл хотод “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар зохион байгуулж байна.
Арга хэмжээний үеэр иргэний мэдээллээр 21, телекамерын хяналтаар 24, алба хаагч нар биечлэн 507 зөрчил илрүүлж, ил задгай бие зассан 253, нус цэрээ хаясан 192, тамхины иш хаясан 302, хог хаясан 244, стандартын бус бие засах газрын 5, нийт 1096 зөрчилд холбогдсон 1771 хүн, хуулийн этгээдэд 46.140.000 төгрөгийн торгууль ногдуулж, орон нутагт 11, нийслэлд 11, нийт 22 зөрчлийг арилгах мэдэгдэл, шаардлагыг холбогдох Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын дарга нарт хүргүүлэн ажилласнаар 153 байршилд үүссэн 206 тонн хог, хаягдлыг цэвэрлүүлж, 424 иргэн, 71 байгууллагад хог хаягдлын талаар ухуулга яриа хийж, 116 санамж, мэдээллийн самбар шинээр байршуулах ажлыг зохион байгуулсан.
Дээрх арга хэмжээний хүрээнд Дотоодын аялал жуулчлалын үе эхэлж байгаатай холбогдуулан хүрээлэн буй орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилготойгоор Экологийн цагдаагийн албанаас “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ” өдөрлөгийг өнөөдөр буюу 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “22-ын товчооны шалган нэвтрүүлэх пост” дээр зохион байгуулагдаж байна.
Тус өдөрлөгт “Яваад ирлээ” аяллын дэлгүүр, Юнител групп, Авто холбоодууд, Хог, хаягдал орчны бохирдлын эсрэг олон улсын болон төрийн бус байгууллагууд оролцож Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн зам дагуу аяллын дүрмийг олон нийтэд түгээж мөн байгальд ээлтэй цэвэрхэн аялахыг уриалан хогийн уут, халаасны хогны уут, санамж зөвлөгөөг тараан ажиллаж байна.