Аялал нь хүнийг ажлын ачааллаас түр ч батугай холдуулаад зогсохгүй шинэ санаа, сэдэл өгдөг. Боломжтой үедээ жилдээ хэдэн удаа аялах нь амьдралыг илүү сонирхолтой болгодог гэнэ. Аяллын тухай мэдээлэл хүргэдэг “CN traveler” цахим хуудас бага зардлаар аялах боломжтой таван орныг танилцуулжээ. Тухайлбал, Индонези нь Номхон болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Газар нутаг нь 17 508 арлаас бүрддэг бөгөөд дэлхийн хамгийн том арлын орон юм. Тэдгээрээс хамгийн алдартай нь Бали. Сүүлийн үед Индонези улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж буй. Исламын шашинтай орнуудын нэг бөгөөд зорчих өртөг бага боловч гайхалтай байгалийн үзэсгэлэнг харах боломжтойгоороо онцлог. Голландын колоничлолд байсан тул тэндээс тус улсын өв соёлыг тольдож болох юм.
Аялахад тохиромжтой улсын хоёрдугаарт Япон улсыг нэрлэжээ. Япон нь техник технологи, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ дэлхийд гайхагддаг. Нийт газар нутгийнх нь 99 хувийг арал эзэлдэг. Наран ургах зүгт байрлах тус улсад 1000 гаруй жилийн түүхтэй сүмээс эхлээд халуун рашаан, залуусын сонин содон хувцаслалтын санаа гэх мэт таныг гайхшируулах зүйл цөөнгүй бий. Түүнчлэн тус улс нь төрөл бүрийн далайн хоол, түүхий загас, суши зэрэг олон төрлийн сонирхолтой хооллолтын хэв маягаараа жуулчдыг татдаг.
Гуравдугаарт Тайванийг нэрлэжээ. Тус орон нь номхон далайн баруун хэсэгт оршдог. Хамгийн өндөр уул нь 4000 метр агаад уул толгод зонхилсон үржил шим сайтай, өвөрмөц байгалийн тогтоцтой. Нийслэл Тайбэй нь өндөр барилгууд метро, хурдны галт тэрэг зэргээр хүрээлэгдсэн орчин үеийн хот юм. Тайваньчууд цэвэр агаар, ногоон байгууламжийг ихэд эрхэмлэдэг. Гудамжинд нь хогийн сав бага ч хогоо ил задгай хаядаггүй. Мөн тус улсын орон сууц бүрийн тагтан дээр өнгө өнгийн цэцэгс алаглан харагддаг гэнэ. Тайванийн алдарт гоймонтой шөл, шарсан тахиа таны аяллыг улам тааламжтай болгох аж.
Аялахад тохиромжтой улсын дөрөвдүгээрт Итали улсыг онцолжээ. Итали нь ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвөөрөө дэлхийд тэргүүлдэг. Жилдээ 46 сая гаруй жуулчин хүлээн авдаг. Жуулчдын тоо болон аялал жуулчлалаас олдог орлогоороо дэлхийд эхний тавд багтдаг гэнэ. Хамгийн алдартай хот нь Ром, Венец болон Милан юм. Ром хотод дэлхийн алдарт уран барилгууд болон хуучны музей сүмийг заавал үзэх хэрэгтэй. Италид очсон жуулчид чулуун зууханд жигнэсэн Итали пиццаг идэхээс гадна байгалийн өвөрмөц тогтцыг нь тольдох боломжтой.
Жагсаалтын тавдугаарт хоггүй гэдгээрээ алдартай Норвег улсыг нэрлэсэн байна. Тус улс нь тэнгисийн эрэгт оршдог учраас шумуулгүй. Мөн хэт их халдаггүй гэдгээрээ онцлогтой. Супермаркетаас нь халимын мах гэх мэт сонирхолтой хүнс худалдан авч, аяны богцоо дүүргэж болно. Түүнчлэн хаданхойг, мөс, туйлын туяа гээд л байгалийн үзэсгэлэнг тольдож мэлмийгээ баясгах боломжтой аж. Үүнээс гадна худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 30 хувийг нь буцаан авч болно. Энэ нь жуулчдад үзүүлдэг татварын хөнгөлөлт юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн