ОХУ-ын Томск хотын Лениний талбайд “Торгоны зам 2024” олон улсын ралли уралдааны нээлт өчигдөр боллоо. Энэ жилийн уралдаанд оролцогчид нийт 5243 километр зам туулах аж. Тодруулбал, ОХУ-ын Томск, Новосибирск, Кемеров, Алтайн хязгаар, Алтайн БНУ гэсэн таван муж, Монголын баруун болон говь, төвийн аймгуудын нутгаар өнгөрөх юм. Тамирчид 11 гараанд гарч, энэ сарын 15-нд Улаанбаатар хот дахь барианд орно.
Оролцогчид эхний гараанд 56.56 км замыг туулж, хоёр дахь гараанд Томскоос Барнаулын чиглэлд 618.77 км замыг тууллаа. Зургаа дахь гараанаас Монголын тал нутгаар үргэлжлэх бөгөөд наадмын өдрүүдэд Ховд, Алтай, Баянхонгор, Мандалговь, Зуунмод, Улаанбаатар гэсэн маршрутаар уралдаанаа үргэлжлүүлнэ.