Японы Бурханы шашны Ничирэн-шү урсгалын төлөөлөгчид МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд зочиллоо. Уг бүрэлдэхүүнд Ничирэн-шү урсгалын номлолын салбарын захирал Хасигава Юүчи, Шүнкэйжи сүмийн хамба лам Сайто Гёоэн, Ничирэн-шү урсгалын гадаад харилцааны менежер Ошима Кейжи, Ришшү их сургуулийн дэд захирал доктор Сүзүки Ацүши, тус сургуулийн эх бичиг, сурвалж судлалын багш доктор, дэд проф Фүмио Шожи нар Тэргүүн Их Хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид бараалхлаа.
Японы Ничирэн-шү урсгал нь Ничирэн (1222-1282) ламын үүсгэн дэлгэрүүлсэн урсгал бөгөөд "Цагаан лянхуа” буюу Ганжуурын “Дээдийн ном цагаан лянхуа” судрыг судалдаг ажээ. Бурханы шашны Их хөлгөний уламжлалын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Япон улстаа сүсэгтний тоогоороо дээгүүрт ордог урсгал ажээ.
Ришшү их сургуулийн "Ришшо" гэдэг нэр нь Ничирэн буддизмын үндэслэгч Ничирэн 39 настай байхдаа бичсэн "Ришшо Анкокурон" буюу "Зөвийг олж улсыг амирлуулахуй" хэмээх сургаал номын нэрээс үүсэлтэй бөгөөд уг сургууль нь 1580 онд байгуулагдсан Ничирэн-шү урсгалын лам хуврагуудыг 430 гаруй жилийн турш бэлтгэж ирсэн их сургууль юм. 1872 онд орчин үеийн боловсролын байгууллага болж үйл ажиллагаагаа өргөтгөсөн бөгөөд өнөөгийн байдлаар долоон салбар сургуультай үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Ничирэн-шү урсгалын номлолын салбарын захирал Хасигава Юүчи, Шүнкэйжи сүмийн хамба лам Сайто Гёоэн, Ничирэн-шү урсгалын гадаад харилцааны менежер Ошима Кейжи нар МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацанд зочилж төр, түмний их шүтээн Мэлмийгээр болгоогч бурханд залбирал үйлдэж “Цагаан лянхуа” судрын Мэлмийгээр болгоогч бурхны магтаалыг уншиж, Тэргүүн Их Хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид Ничирэн-шү урсгалын шашны хэрэг эрхлэх газрын дарга Танака Эшиний ерөөл, сайн сайхныг хүссэн илгээлтийг өргөв. Мөн Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы шашны их сургуулиар зочилж үйл ажиллагааны чиглэлээр сонирхолтой ярилцлага өрнүүлэв.