ӨМӨЗО-ы Улаан хад аймгийн Улаанбутанд зохион байгуулсан, морьт харвааны цөл хээрийн бүсийн дэлхийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд долоон орны 60 гаруй тамирчин долоон төрөлд өрсөлдсөн. Авьяас мэдрэмж, хурд, ур чадвараа сорьсон тэмцээнд (1-6 төрөл) нийлбэр оноогоор шилдгүүдээ шалгарууллаа. Монголын морьт харваачдаас “Хан Монгол” клубийн тамирчин, Азийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Б.Отгон-Өлзий гран притөрөлд түрүүлэв. Бөмбөг намнаад “Жүрхэн”-ий харваачдаас Э.Төвшинтөгс, цуваа таван байныхад Ц.Тэмүүжин (“Хан-Монгол”) тэргүүн байрт шалгарсан байна.
Турк харвааны төрөлд цэц сорьсон оролцогчдоос М.Баасандорж (“Намнаа академи”) аварга болжээ. Төмөр тавган байныхад Н.Баянзул(ӨМӨЗО) тэргүүлж, манайхаас Э.Төвшинтөгс (“Жүрхэн”) II, М.Жавхлантөгс (“Хан-Монгол”) III байр эзэлсэн юм. Энэ нь дөрөв, зургаа, найм, 10 метрт байрласан 20-35 диаметрийн радиустай төмөр тавган байг 100 метрт морины хурдаар туулж харван намнах төрлийн тэмцээн юм. Хүүхдийн тэмцээн цуваа таван бай, бөмбөгнамнаа төрөлд болоход“Намнаа” академиас Э.Мэргэн, А.Амархүү ( “Хан-Монгол”), М.Баясгалан (“Намнаа”) нэр эхний гурван байрт жагсаж, өмнөд хөршийн “Аlibow” үйлдвэрийн нумаар шагнуулав.