Монгол Улсын Засгийн газраас ЖАЙКА байгууллагатай олон төсөл, хөтөлбөр хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021-2025 оны дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий үндэсний хэмжээний 16 сургагч багш, аж ахуйн нэгж байгууллагад нөлөөлөх хүний нөөцөөр хөгжлийн бэрхшээлтэй 37 иргэнийг, ажлын байрны дадлагажуулагчаар Улаанбаатар хотод 112 хүнийг, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 6 аймагт баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор эдгээр аймагт тус тус 18 хүн гээд нийт 200 гаран хүнийг бэлтгэн гаргаад байна. Төслийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан “Хамтарсан зохицуулах зөвлөл”-ийг байгуулан хагас жил тутам хуралдаж, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, тайланг хэлэлцэж дүгнэдэг юм.
Энэ удаад “Хамтарсан зохицуулах зөвлөл”-ийн 7 дахь удаагийн хурлыг 2024 оны зургадугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, 2024 оны долдугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хурлыг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төслийн захирал М.Цогтбаатар нээж, төслийн үйл ажиллагааны тайланг тус яамны ХБИХХ-ийн дарга, төслийн менежер С.Рэгзэн танилцуулж, 2024 оны долдугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг төслийн ахлах зөвлөх Чиба Хисао танилцууллаа. Мөн уг хуралд Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Ёшимүра Токүжи болон холбогдох төлөөллүүд оролцож, санал солилцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран 2016 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр, олон нийтийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр, дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо бэхжүүлэх зэрэг хүний нөөц бэлтгэх, тогтолцоо бэхжүүлэх хүрээнд маш амжилттай ажилласаар ирсэн.