Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах нь. Тодорхой хэлбэл, Монголын орчин үеийн бүжгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын түншлэлийг нэмэгдүүлэх зорилготой эл наадам 2024 оны зургадугаар сарын 15-аас 20-ны хооронд үргэлжилнэ. Гурав дахь удаагийн наадмын хүрээнд БНСУ-ын Урлагийн Зөвлөлтэй хамтарсан нүүдлийн урлан солилцооны хөтөлбөр, бүжиг дэглээчдийн чадавхыг дэмжих хөтөлбөр, бүжигчдийн чадавхыг дэмжих хөтөлбөрийг зохион байгуулж, тайлан тоглолтоо үзэгчдэд хүргэх юм.
Тухайлбал БНСУ-ын “Мүдэн” бүжгийн хамтлаг болон Монгол бүжигчдийн хамтарсан нүүдлийн урлан-туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх бол Улаанбаатар театр, Монгол улсын консерваторт бүжиг дэглээчид, бүжигчдийн чадавхыг дэмжих зорилготой Австрали, Унгар, Германы бүжиг дэглээч нарын лекц, мастерклассууд, сургалтууд тус тус зохион байгуулна. Мөн наадамд оролцсон уран бүтээлчдийн хамтарсан тайлан тоглолтыг зургадугаар сарын 20-нд Улаанбаатар театрт олон нийтэд нээлттэй толилуулах юм.
Наадмын талаарх мэдээллийг Motion Mongolia ФБ пэйжээс болон http://artscouncil.mn/ цахим хуудаснаас авна уу.