“Ulaanbaatar urban festival-2024”-ийн нээлт өчигдөр боллоо. Уг фестиваль энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ. Эдгээр өдөр өглөөнөөс орой болтол спортын олон төрлийн нөхөрсөг тэмцээнийг нийслэлийн төв талбайд зохион байгуулах аж. Тус фестиваль нь Монголд анх удаа болж буй, задгай талбайн хамгийн том арга хэмжээ юм. “Ulaanbaatar urban festi¬val-2024”-ийг 3х3 сагсан бөмбөг, скэйтбоард, роллер скэйт, унадаг дугуй, крикет, модон барилдаан, кронхол, лазер гүйлт, фанкшел фитнес, фризби, пикл болл зэрэг спортын 11 төрлөөр зохион байгуулж буй. Эдгээр нь хотын спорт гэдгээрээ онцлогтой. Фестивалийн үеэр хотын спортын төрлүүдийг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна хүүхэд, залуучуудад спортоор хичээллэхийг уриалах юм.
ЭЭнэхүү фестивалийн хүрээнд өчигдөр “Улаанбаатар” 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээн нээлтээ хийж, Монгол, Украин, Филиппин улсын тамирчид өрсөлдөв. Харин өнөөдөр кронхол, пикл болл болон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн нөхөрсөг тэмцээн болно. Мөн фестивалийн сүүлийн өдөр “Gan crossfit” клубийн гурван жилийн ойд зориулсан, гишүүдийн дундах тэмцээн, лазерын үзүүлбэрийг толилуулах аж. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооныхны хамтран зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Эл тэмцээнд гадаадын орноос найман баг өрсөлдөж байна. Манай улсаас үндсэн болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийнхан оролцож буй юм. Эрэгтэйчүүдийн “Улаанбаатарын их дуулга” тэмцээнийг энэ сарын 8-9-нд зохион байгуулах юм байна. Уг тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг өрсөлдөх нь. Манай улсаас “Sansar MGL”, “Zavkhan sainscore”, “Ulaanbaatar MMC energy” баг оролцоно.
Сонирхуулахад, хувь тоглогчийн чансааг тэргүүлэгч, Серби улсын ах, дүү тамирчин Страхинья Стояачич болон Стефан Стоячич нар “Улаанбаатар их дуулга”-ын үеэр мэргэжлийн 3х3 сагсан бөмбөгийн карьертаа анх удаа нэг баг болон талбайд гарах юм байна.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн