Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун болон бусад төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон ФАТФ-ын Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 40 дэх удаагийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж оролцоод ирлээ. Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, бүлгийн гишүүнээр Хятад, Энэтхэг, Казахстан, Киргиз, ОХУ, Таджикистан, Туркменистан, Узбекистан, Беларусь зэрэг есөн орон байдаг. Мөн бүлэгт Монгол, Итали, АНУ, Украин, Молдова, Турк, Армени, Польш, Серби, Монтенегро, Франц, БНСУ, Иран, Герман зэрэг 15 улс, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ФАТФ, АНДМУТБ, Эгмонтын групп, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын болон бүс нутгийн 24 байгууллага ажиглагчийн статустай юм.
Тавдугаар сарын 25-31-ний өдрүүдэд болсон энэ удаагийн чуулга уулзалтаар Киргиз, Узбекстаны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, энэ чиглэлээр БНХАУ, Казахстан зэрэг холбогдох гишүүн орнууд мэдлэг, мэдээлэл түгээх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээгээ танилцуулав. Мөн виртуал хөрөнгөөс үүдэж болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр типологи боловсруулж үйл ажиллагаандаа хэвшүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд авч буй арга хэмжээнүүдийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн Евро-Азийн бүсийн ээлжит гуравдугаар дахин үнэлгээ эхэлж буйтай холбоотой гишүүн орнуудын анхаарах асуудал, бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцсон. Япон улс энэ үеэр Евро-Азийн бүлэгт ажиглагч орноор элсэх хүсэлтээ өглөө.
Монгол Улс нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-т хамаардаг. Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (EAG)-ийн ажиглагч орноор 2012 онд элссэн юм.