Финлянд Улсын нийслэл Хелсинки хотод болсон Вангардын Дээд хэмжээний уулзалтад ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралаар ахлуулсан төлөөлөгчид оролцов. Тус уулзалтад 15 улс, хотын Засгийн газар, улс төрийн удирдагчид, судлаачид оролцож, гэр оронгүйдлийн асуудлаар өөрсдийн хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг танилцуулан санал солилцож, цаашид дунд хугацааны бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зөвшилцсөн.
Хөтөлбөрийн эхний өдөр төлөөлөгчид Финляндын олон улсад сайн туршлага болсон “Нэн тэргүүнд орон байраар хангах” бодлогын талаарх илтгэлүүдийг сонсож, энэхүү бодлогын хүрээнд гэр оронгүй зорилтот бүлгийн иргэдийг хотхон хэлбэрээр байрлуулах үйлчилгээ үзүүлдэг болон өдрийн үйлчилгээг гэр оронгүй хүмүүст үзүүлдэг Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Хөтөлбөрийн хоёр дахь өдөр Б. Ундрал панел хэлэлцүүлэгт оролцон Монгол Улс дахь гэр оронгүйдлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, цаашид гэр оронгүйдлийг тэглэх бодлого, нөлөөллийн үйл ажиллагаа хийх хэрэгцээ шаардлага, төлөвлөгөөг дурдаж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэсэн. Энэ жилийн Дээд хэмжээний уулзалтад Монгол Улс цаашид гэр оронгүйдлийг тэглэхийн тулд бодлогын нөлөөлөл хийж, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллах үүрэг, амлалтаа бататган оролцлоо.