Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 85, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлига, албан тушаалын 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Татвар төлөхөөс зайлсхийх тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын II албаны мэргэжилтэн О.Х, В.С, Д.Б нар нь нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, мөн мэргэжилтэн О.Х нь худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.