Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” Үндэсний музейд “Банк-100” гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэн гарч байна.
Өнөөдрөөс 100 жилийн өмнө буюу 1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн “Худалдаа ба Аж үйлдвэрийн банк” анхлан байгуулагдсан. Энэ нь Монгол Улсад орчин цагийн өнөөгийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл болсон билээ. “Банк-100” үзэсгэлэнд Монгол Улсын банкны салбарын зуун жилийн түүхэн фото зургууд болон Монголчуудын төлбөрийн хэрэгсэл, зоос, дурсгалын зоос, мөнгөн тэмдэгтийн хөгжлийг илтгэсэн ховор нандин цуглуулга, үзмэрүүдийг нэг дор дэлгэлээ.
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулан гаргасан “Монголбанк-100 жил”, “Хубилай хааны зарлиг”, “Хос луу” сэдэвт дурсгалын зооснуудыг албан ёсоор олон нийтэд танилцуулав. Түүнчлэн “Монгол шуудан” ХК-иас банкны салбарын 100 жилийн ойд зориулан гаргасан “Анхны өдөр” маркийн эх зургийг нээх ёслол, маркийг Монголын маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурах зэрэг ёслолууд болов.