“Ноёд групп”, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцээд Г.Буяндоржийг бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг зохион байгуулсан, Д.Батжаргалыг уг хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцсон юм.
Ингээд Г.Буяндоржийг 40, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т учруулсан хохиролд Г.Буяндоржоос 671.7 сая, Д.Батжаргалаас 771.7 сая төгрөг гаргуулж гурван сарын дотор хуваан төлүүлэх, тус төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-иас 1.5 тэрбум төгрөг, 547.5 мянган ам.долларыг иргэний нэхэмжлэгч Шиан Дуншэнд олгуулахаар шийдвэрлээд байсан юм. Түүнчлэн Г.Буяндоржийг “Ноёд констракшн” ХХК-ийн захирал С.Билэгтийн талаар худал мэдээлэл тараасан хэмээн буруутгасан үйлдлийг шүүх гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эл хэргийг хэлэлцээд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас дээрх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээсэн билээ. Прокуророос дээрх хүмүүсийг бүлэглэн БНХАУ-ын иргэн Шиан Дуншэнд мэдэгдэлгүй, хуурамч баримт бичиг ашиглан 2011 оны зургаадугаар сарын 27-нд “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Шиан Дуншэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хурцаа гэх нэрээр үйлдэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хүргүүлж тус компани болон БНХАУ-ын Тианжин хотын “Тайшин худалдааны экспорт, импорт” компанийн хооронд мөн оны гуравдугаар сард байгуулсан ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дуншэнээс шилжүүлсэн хоёр сая ам.доллароос 1.2 саяыг нь “Скай тауэр Энхбуян” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн болон “Голомт” банкны дансаар авч залилсан хэрэгт буруутгасан юм. Улсын дээд шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийн шийтгэх, цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгосноор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.
Бэлтгэсэн: Г.Орчлон