Зургаадугаар сарын нэгэн буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол хүүхдээ сонсох, тэдний эрхийг дээдлэхийг сануулах өдөр юм. Манай улсын хүн амын 1.3 сая буюу нийт хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлдэг. Үүгээрээ бид харьцангуй залуу хүн амтай улсад тооцогддог.
Нийт хүүхдийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй. Үүнээс 2022 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 11818 хүүхэд байгаа бол хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд байна. 2022-2023 оны хичээлийн жилд 1.0 сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ.
KRF: СҮҮЛИЙН 10 ЖИЛД ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДАЛД ДОРВИТОЙ ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ
2022 оны Дэлхийн хүүхдийн эрхийн индексийг “Kids Rights Foundation” болон “Erasmus” их сургууль хамтран гаргаад байна. Энэхүү тайланг хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулахын тулд 2013 оноос хойш жил бүр гарган олон нийтэд мэдээлж байгаа. “Kids Rights Index” https://www.kidsrights.org/research/kidsrights-index/ нь дэлхийн хэмжээнд хүүхдийн эрхийг хэрхэн дээдэлж байгааг жил бүр тодорхойлохдоо, НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон орнуудыг эрэмбэлдэг. Ингэхдээ, хүүхдийн амьд явах эрх, эрүүл байх эрх, боловсрол эзэмших эрх, хүүхэд хамгааллын эрх, хүүхдэд ээлтэй хүрээлэн буй орчныг бий болгосон эсэх, гэсэн үндсэн таван үзүүлэлтээр улс орнуудыг жагсаадаг.
МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙН ЭРХИЙН ИНДЕКСЭЭРЭЭ 185 УЛСААС 97-Д ЭРЭМБЛЭГДЭЖ БАЙНА
2022 оны үзүүлэлтээр Монгол Улс хүүхдийн амьд явах эрхийг хэрхэн хангаж буйгаар 97, эрүүл мэнд 110, боловсрол 78, хүүхэд хамгаалал 91, ээлтэй хүрээлэн буй орчны хувьд 124-130 дугаарт жагссан байна. Нийт дүнгээрээ 185 улсаас 97 дугаар байранд оржээ.
Тус байгууллагаас Хүүхдийн эрхийн индексийн тайланг гаргадаг болсноос хойшхи сүүлийн 10 жилд дэлхий даяарх хүүхдийн амьдрал, тэдний эрхийн асуудалд дорвитой ахиц дэвшил гарсангүй хэмээн дүгнэжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн нэг тэрбум хүүхдэд нөлөөлөхөөр байна хэмээн үзсэн байна.