Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгсэн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодруулахад "УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 10-ны өдөр нийт нэр дэвшигчид үнэмлэх олгох өдөр л нэр дэвшигчдийг нийтэд зарлана. Үүнээс өмнө нэр дэвшигчдийг бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан хүмүүсийн нэрийг дурдах боломжгүй.
Н.Номтойбаярын тухайд нэр дэвшигчид тавигддаг тусгай шаардлагын нэг болох авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон эсэх лавлагааг ЦЕГ-ын Мэдээллийн сан хариуцсан нэгжээс ирүүлдэг. Мэдээллийн сан хариуцсан нэгжээс ирүүлсэн лавлагаанд “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэлд бүртгэгдсэн байна гэж ирсэн. СЕХ хүний эрх зүйн байдлыг тодорхойлох эрх эдэлдэггүй.
Тийм ч утгаараа нэр дэвшигчдэд тавигддаг тусгай шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг олон байгууллага тодорхойлдог. Тухайлбал, татварын өртэй бол Татварын ерөнхий газар, гэмт хэрэг үйлдсэн, ял эдэлж байгаа эсэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэхийг ЦЕГ, иргэнд өртэй эсэх лавлагааг Дээд шүүхээс гаргаж өгдөг. Эдгээр эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаанд үндэслэж СЕХ шийдвэрээ гаргадаг" гэлээ.