Нийслэлийн даамын холбоо Олон улсын даамын холбоотой хамтран “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал болох “Mongolia-2024” тэмцээнийг эх орондоо ирэх долоодугаар сарын 8-15-нд зохион байгуулах нь. Манай улсад 64 буудалт даамыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээн үндсэн гурван ангилалд болох бөгөөд сонгодог, блиц төрлийг нь орос, рапидыг нь бразил дүрмээр явуулна. Олон улсын даамын холбооны 2024-2025 оны улирлын “Дэлхийн цом”-ын анхны тэмцээн Туркт өнгөрсөн дөрөвдүгээр сард, хоёр дахь нь Узбекистанд тавдугаар сард болсон. Эл цувралуудаас хоёр жилийн хугацаанд хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг тамирчид ирэх жил шигшээ тэмцээнд оролцох эрх авах юм.