Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас “Аялал жуулчлалын хөгжлийн индекс-2024” тайланг гаргаснаа танилцууллаа. Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны аялал жуулчлалын үзүүлэлтийг одоогийнхтой харьцуулсан уг судалгаанд 119 улсыг хамруулснаас Монгол 85 дугаарт эрэмбэлэгджээ. Таван жилийн өмнө манай улс эл үнэлгээгээр 79 дүгээрт жагсаж байсан бол өдгөө зургаан байраар хойшилж, Ямайка, Камбожтой “зуузай холбожээ”.
Аялал жуулчлалын сэргэлт, хөгжлийн индексээр Америк, Испани, Япон, Франц, Австрали, Герман, Англи, Хятад, Итали, Швейцар эхний 10 байрт орж, Мали, Сьерра Леон, Камерун, Ангол, Малави зэрэг улс сүүл мушгижээ. Улс орнуудыг аялал жуулчлалын экосистем буюу орчин, бодлого, дэд бүтэц болон үйлчилгээ, нөөц бололцоо, тогтвортой байдал гэсэн таван сэдвийн хүрээнд 17 үзүүлэлтээр үнэлж, 0-7 оноогоор дүгнэжээ. Жагсаалтыг тэргүүлсэн АНУ нийт үзүүлэлтийн дунджаар 5.2, Испани 5.1, Япон 5.09 оноотой байгаа бол Монгол 3.5 оноо авчээ. Манай улс эрүүл ахуй, ариун цэвэр (5.7 оноо), үнийн өрсөлдөх чадвар (5.4), аюулгүй байдал (5.25)-ын үзүүлэлтээр хамгийн өндөр оноог цуглуулсан бол аялал жуулчлалыг байгалийн, соёлын, тусгай сонирхлын гэхчлэн төрөлжүүлэн хөгжүүлэх нөөц боломж (1.3-3.2), дэд бүтэц болон үйлчилгээ (2.09-2.55)-ний чанар, хүртээмжээр тааруу үнэлгээ авсан байна.