Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс нөөцийн мах борлуулж эхэлсэн. Борлуулалт одоогоор 35 хувьтай байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй доогуур үзүүлэлт юм байна. Улаанбаатар хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулж долоон аж ахуйн нэгж нийт 6337.5 тонн мах нөөцөлсөн аж. Тэд үхрийн 1901.25, хонины 3802.5, ямааны 633.75 тонн мах бэлтгэжээ.
Нөөцийн махыг есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрт худалдаж буй гэнэ. Түүнчлэн иргэдийн эрэлтэд тулгуурлан өргөтгөсөн худалдааг төвийн зургаан дүүрэгт тодорхой хуваарийн дагуу зохион байгуулж буйюм. Ямааны мах кг нь 6700, хониных 8900, үхрийнх 11 350 төгрөгийн үнэтэй байна.
Бэлтгэсэн М.Оч