Аливаа гэмт хэргийн улмаас хүний бие махбодоос гадна сэтгэл санаа хохирдгийг бүгд мэддэг. Гэвч манай улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлсэн тохиолдол маш цөөн. Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тооцон олгохоор болсон билээ. Тус хуулийн 40.1-т сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо зөвхөн Эрүүгийн хуульд заасан 84 гэмт хэргийг л тооцохоор тусгасан юм.
Үүнд амьд явах эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хүний бэлгийн эрх чөлөө, чөлөөтэй явах эрх, ялгаварлан гадуурхах, мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах, сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах зэргийг багтаасан.
Эдгээр гэмт хэргийн хохирогч шүүхээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж болох нь. Түүнчлэн хулгай, дээрэм, залилан, зам, тээврийн осол зэрэг манай улсад түгээмэл бүртгэгддэг гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд эдийн бус нөхөн төлбөр авах боломжтой юм. Олон улсын жишгээр манай улс сэтгэл санааны хохирлыг тооцох, нөхөн төлүүлэх эрх зүйн орчин ийн бүрдээд нэг жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд иргэд сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлсэн тохиолдол гарсан уу.
Тэрбээр сэтгэл санааны жинхэнэ хохирогч гэж хэн бэ гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл , хуульд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ар гэрт нь сэтгэл санааны хохирлыг олгохоор заасан. Гэтэл аймшигтай гэмт хэргийг харсан, гэрч болсон хүн сэтгэл санааны хувьд ноцтой гэмтдэг талаар дурдсан юм.
Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх нь манай улсад шинэ зүйл учраас мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд нэгдсэн ойлголтгүй, өөрийн үзэмжээр шийдвэрлэх тохиолдол цөөнгүй гарч буйг хуульч, өмгөөлөгчид шүүмжлэх боллоо. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн баталсан жишиг аргачлалын дагуу хэргийг шийдвэрлүүлж байхад зарим нь шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардах гэх мэтээр хэрэгжүүлэх шатанд багагүй асуудал тулгарч буй аж. Түүнчлэн зарим хуульч гэр бүлийн хүчирхийлэл болон зөрчлийн шинжтэй гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг ч орхигдуулж болохгүй гэж ярьсан. Манай улс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг таван зэрэглэлд хуваан ангилжээ. Улсын дээд шүүхээс баталсан жишгээр сэтгэцийн хор уршгийн хэмжээг зэрэглэлээс хамаарч 0-99 хувь гэж тогтоон, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хувьчлан тооцож олгохоор болсон юм. Гэмт хэргийн улмаас хохирогч амиа алдсан тохиолдолд шинжээчийн дүгнэлт шаардлагагүй бөгөөд ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин ихэсгэсэнтэй дүйцэх хэмжээний мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь ойролцоогоор 100 орчим сая төгрөг.
Сэтгэл санааны хохирлыг шүүхээс нэхэмжлэх хүсэлтэй иргэд өмгөөлөгчдөд цөөнгүй хандах болжээ. Гэхдээ хууль буцаж үйлчлэхгүй учраас 2023 оны долоодугаар сарын 1-нээс өмнө гэмт хэргийн хохирогч болсон иргэд эдийн бус нөхөн төлбөрийн асуудлаар шүүхэд хандах боломжгүйг хуульчид хэлэв. Эл хуулийг хэрэгжүүлээд удаагүй байхад буюу өнгөрсөн оны аравдугаар сард олон нийтийг цочроосон аймшигт хэрэг гарсныг уншигчид санаж буй биз. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумд амьдардаг 12 настай охин бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан. Сургуульдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон охиныг эсэн мэнд олдоосой гэж улс орон даяар чих тавин, зүрх шимшрүүлэн хүлээсэн билээ. Харамсалтай нь, гурав хоногийн дараа амиа алдсан байхад нь цагдаагийн байгууллагынхан олсон. Охиныг хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноосон. Хэдийгээр гэмт этгээдэд хийсэн хэрэгт нь шүүхээс ял оноосон ч үр хүүхдээ алдсан эхийн сэтгэлийг тайвшруулж чадахгүй юм. Түүний сэтгэл санаа ямар хэмжээнд хохирч үлдсэнийг ч мөнгөөр тооцох аргагүй билээ. Тэр ч бүү хэл, охиныг амьд олдоосой хэмээн 72 цагийн турш залбирч, санаагаа чилээж, нойргүй хоносон хүмүүс ч давхар сэтгэл санааны хохирол амссан гэхэд болно. Нэгэнт амиа алдсан хүнийг буцааж амилуулж чадахгүй. Гэхдээ гэр бүлд нь бага ч болов дэм болох үүднээс сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцох арга аргачлал олон улсад бий. Үүний жишгээр талийгаач охины гэр бүл сэтгэл санааны хохирлыг шүүхээс нэхэмжилсэн. Гэвч уг хохирлыг хэн, хэрхэн барагдуулах нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна. Эл асуудлаар талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтох өмнө нь хэвлэлд хандаж байв. Энэ талаар түүнээс тодруулахад “Хохирогчийн эрх зүйн байдал дордож байна. Сэтгэл санааны хохирлын тухайд хохирогч амиа алдсан бол гэр бүлд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, мөн талийгаачийн насыг тооцож хохирлын хэмжээг тооцох хуультай. Үүний дагуу бид сэтгэл санааны хохиролд 182.5 сая төгрөг нэхэмжилсэн. Гэвч одоо энэ хохирлыг ялтан Г.Гантулгаас гаргуулж авна гэсэн цаастай л үлдэж байна. Бүх насаараа хоригдож буй ялтнууд ажил хийж, хохирол барагдуулах боломжгүй байдаг. Тиймээс Засгийн газрын тусгай сангаас сэтгэл санааны хохирлыг гаргуулдаг болгомоор байна. Эл санг 21 аймаг, есөн дүүргийн торгуулийн бүх шийтгэлийн 60 хувиар санхүүжүүлдэг учраас асар их мөнгө хуримтлагдсан. Энэ хуульд сэтгэл санааны хохирлыг барагдуулах зохицуулалт оруулах хэрэгтэй” гэв. Иргэний хуулийн 511-т “Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээд төлж барагдуулах ёстой” гэж заажээ. Үүнтэй холбоотойгоор бүх насаараа хоригдох ял эдэлж буй этгээд хохирлын хэмжээг төлж барагдуулах ямар ч боломжгүй гэж Л.Баттогтох үзэж байгаа юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10-т гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд эмчилгээ, оршуулга, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хохирлыг хохирогчид нөхөн олгох зохицуулалт бий. Үүн дээр нэмээд шүүхээс гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг тусгай сангаас төлөх зохицуулалт шаардлагатайг илэрхийлсэн юм.
Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын буруугаас бие махбод, сэтгэл санаагаар хохирсон иргэд хуульчдад хандах нь цөөнгүй болсон гэнэ. Тухайлбал, үе мөчний мэс засал хийлгэсэн нэг иргэн хагалгааны дараа хөл дээрээ босох нь бүү хэл, тэргэнцэр дээр ч сууж чадахгүйд хүрчээ. Түүний ясанд цууралт үүссэнийг эмч нар нь мэдсэн ч байгууллагынхаа нэр хүндийг бодоод тухайн иргэнд хэлэлгүй нуучихсан гэнэ. Эмч нарын хайхрамжгүй байдлын улмаас хохирсон иргэн эмчилгээний зардал нэхэмжлэхээс гадна сэтгэл санааны хохирол тогтоолгож болох гэнэ. Тэрбээр мэс заслын дараа БНСУ руу хэд хэдэн удаа явж, эмчлүүлж, өвчин намдаах эм байнга уух болжээ. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мэргэжлийн шинжээч ажиллуулан, гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдвол сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулж авах боломжтойг өмгөөлөгч хэлж байна. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд сэт гэл санааны хувьд ноцтой хохирол амсдаг болохыг судлаачид хэлдэг. Бага насны охин руу нь байнга чат бичиж, уулзах санал тавьж, бэлгийн ёс бус үйлдэлд уруу татсан нэг этгээдийн талаар охины аав цагдаагийн байгууллагад хандсан тохиолдол саяхан нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан юм. Тэрбээр охиноо цахим гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллийн золиос болохоос хамгаалж чадсан билээ. Гэвч эл хэргийн улмаас охины сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт, хор хөнөөл учирсан байхыг үгүйсгэхгүй.
Манай улсад өдөр бүр тохиолддог зам, тээврийн ослын хохирогчид сэтгэл санааны хохирол тооцдог болсон нь сайшаалтай. Жолооч осол гаргасны улмаас зорчигчид биеийн болон сэтгэл санааны хувьд гэмтэж, айдас түгшүүрт автдаг. Хэзээ хэвийн байдалдаа орохыг хэлэхэд амаргүй. Тухайлбал, өнгөрсөн сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст орчимд хоёр автомашин мөргөлдсөний улмаас явган хүний замаар зорчиж явсан иргэд гэмтсэн ноцтой осол гарсан. Ослын улмаас 16 настай охин амиа алдаж, 4-14 насны таван хүүхэд, насанд хүрсэн нэг хүн гэмтсэн юм. Тэдний дотор нэг айлын дөрвөн хүн байсан билээ. 16 настай охиноо алдсан ээж, дахиад нэг охин, мөн ач, зээ нараа эмчлүүлэх зардал байхгүйн улмаас иргэдээс тусламж гуйж хэвлэлд хандав. Тэд хуулийн дагуу бол сэтгэл санааны хохирлоо барагдуулах бүрэн эрхтэй юм. Гэвч одоогоор сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх ажил хуульч, өмгөөлөгч, прокурорын үзэмжийн асуудал болж, хэрхэн барагдуулах нь ч бүрхэг байна. Иргэд гомдол гаргасан ч шүүхээс хэргийг шийдвэрлээгүй тохиолдол бий, эсэхийг Сэтгэл санааны хохирогчдын холбооны тэргүүн, өмгөөлөгч С.Баянмөнхөөс лавлахад “Шүүхээр сэтгэл санааны хохирлыг шийдээгүй тохиолдол гарч байна. Тодруулбал, тухайн хэргийг иргэний журмаар нэхэмжил, эсвэл мөрдөн байцаалт, прокурорын шатанд шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй учир сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх хүсэл, зориг байгаагүй зэргээр хохирол барагдуулахаас зайлсхийж, орхигдуулах явдал нэг бус удаа гарсан. Зарим тохиолдолд шинжээчийн дүгнэлтгүй бол шийдвэрлэхгүй гэх мэтээр ялгамжтай хандаж байна. Гэмт хэргийн хохирогчийг бие махбодын шаналал буюу өвчин зовуурь, гэмтлээс гадна нүдэнд үл үзэгдэх сэтгэл санааны хохирол хамгийн их зовоодог. Иргэдэд энэ талаарх мэдлэг, ойлголт хомс байна. Шүүх шинжилгээний үндэсний төвөөс сэтгэл зүйч эмч томилж, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн сэтгэл санааны хор уршиг хэр зэрэг учирсан, хэдий хугацаанд арилах вэ зэргийг үндэслэн хохирлын хэмжээг шүүх байгууллага шийдэж олгодог тогтолцоонд шилжсэн. Сэтгэл санааны хохирол гэдэг ойлголтыг бодитоор сэтгэцэд учирсан хор уршиг гэсэн нэр томьёогоор оруулж ирсэн нь сайшаалтай. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл, бусдын биед гэмтэл учруулахгүйгээр танхайрах гэх мэт гэмт хэрэг хуулийн гадуур үлдсэнийг эргэн харах шаардлагатай” гэв. Мөн тэрбээр сэтгэл санааны жинхэнэ хохирогч гэж хэн бэ гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл, хуульд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ар гэрт нь сэтгэл санааны хохирлыг олгохоор заасан. Гэтэл аймшигтай гэмт хэргийг харсан, гэрч болсон хүн сэтгэл санааны хувьд ноцтой гэмтдэг талаар дурдсан юм. Гадаадын нэгэн улсад галт тэрэгний томоохон ослын үеэр ажилласан аврагч нас барсан хүмүүсийн тасарсан эд, эрхтнийг зөөж, тээвэрлэсний дараа сэтгэлийн гүн хямралд орж, галзуурсан тухай жишээ татаж ярьсан. Гэмт хэргийг харсан гэрч, сэтгэл зүйн хохирол амсдаг учраас хуульд нарийн зааг, ялгааг гаргах ёстой гэж тэрбээр хэлэв.
Олон улсын судалгааны дүнгээс харахад манай улс шиг тухайлан гэмт хэргийг нэр, төрлөөр нь зааж өгдөггүй ажээ. Харин ямар тохиолдолд сэтгэл зүйн хохирол учирдаг талаар заадаг байна. Учруулж буй хохирол, гэмтэл ноцтой, аюултай түвшинд байх ёстой аж. Эдийн бус хохирлын тухайд аль ч улсад ийм байх ёстой гэж хүлээн зөвшөөрсөн төлбөрийн хувь хэмжээ байдаггүй. Манай улсын тухайд сэтгэл санааны нөхөн төлбөрийг амьжиргааны түвшинд харгалзуулан тооцож байна. Шүүх шинжилгээний ерөнхий газарт сэтгэл зүйчдийн тусгай алба ажиллаж буй. Тэд сэтгэл санааны хор уршгийг үнэлэхдээ олон улсын өвчний ангилал ашигладаг ажээ.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 35 574 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Гарч буй гэмт хэрэг, тэр дундаа хүний амьтай холбоотойг нь нарийвчлан судлах шаардлагатайг хуульчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, захиалгаар хүний амь хохироож байна уу, ахуйн шинжтэй юу гэдгийг судлах ёстой гэнэ. Манай улсын тухайд архидан согтуурсны улмаас буюу ахуйн шинжтэй хүний амь хохироох явдал дийлэнх хувийг эзэлж буй аж. Эдгээр гэмт хэргийн цаана хэчнээн хохирогч сэтгэл санааны хямралд өртсөнийг тооцоолох аргагүй юм. Сэтгэл санааны хохиролтой холбоотой шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар улс бодлогоор дэмжихгүй бол орхигдох талтайг хууль, шүүхийн байгууллагынхан ярьсан. Дорноговь аймагт амиа алдсан охины ар гэрийнхэн шиг сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр гэж цаасан дээр бичсэн хэдэн тоотой үлдэх вий.