Ес дэх жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтад энэ онд 4000 гаруй оюутан бүртгүүлжээ. Тэдний 1088-ыг нь уг сургалтад хамруулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 8000 гаруй суралцагч цэргийн албыг дүйцүүлэн хаасан байна. Тус сургалтад хамрагдаж буй оюутнуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар уржигдар уулзсан юм. “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломж бүрдэхийн зэрэгцээ бие, сэтгэл, оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал, чадвар эзэмшиж байгаа талаараа оюутнууд ярив. Сайд Л.Энх-Амгалан “Энэ сургалтад хамрагдсан оюутнууд төрийн болон хувийн хэвшилд манлайлан ажиллаж буй гэсэн судалгаа гарсан. Ажил олгогчид хувь хүний хүмүүжил, төлөвшил, багаар ажиллах чадвар зэрэг зөөлөн ур чадварыг хардаг болсон. Тэгвэл “Оюутан цэрэг” сургалт энэ бүх ур чадварыг олгож байна” гэв.