Иргэдийн хохирол нөхөн төлүүлэх эрхийг хангах зорилгоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргасан үйл ажиллагааныхаа талаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өчигдөр мэдээлэл өгөв. Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийг ХЭҮК-ынхон төлөөлж хохирлыг нь төрөөс шаардсан нийт 43 нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “43 нэхэмжлэлээс 33-т нь иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож, барагдуулахыг шаардсан. Сэтгэл санааны хохиролд тооцсон нийт дүн нь 3.3 тэрбум төгрөг байлаа. Шүүхээс 19 нэхэмжлэлийн дагуу сэтгэл санааны хохиролд 247.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн” гэж мэдээлэв. Үүнээс гадна ХЭҮК-ынхон одоогоор нэг төлөөлөн нэхэмжлэлийг шүүхэд гаргаад буй аж. Мөн хоёр нэхэмжлэл гаргахаар ажиллаж байгааг Г.Ууганбаатар дурдлаа.
Бэлтгэсэн М.Оч