Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляцын түвшин дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх жилийн мөн үеийнхээс 6.4, оны эцсийнхээс 3.3, өнгөрөгч сарынхаас 0.8 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 12.3, барааных 8.4, баруун бүсэд үйлчилгээнийх 7.2 хувир өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ хугацаанд хүнсний барааны бүлгийн үнэ улсын хэмжээнд 8.6, хүнсний бусынх 5.5, барааны бүлгийн үнэ 6.4, үйлчилгээнийх 6.6 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин 6.4 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны үнэ дүнгээрээ 8.7, хувцас, бөс бараа, гутлынх 5.7, гэр ахуйн тавилга, хэрэгслийнх 5.5, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 7.4, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрных 6.1, боловсролын үйлчилгээний ханш 16.8 хувиар нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ. Хүнсний бүлэг дотроо мах, махан бүтээгдэхүүний үнэ найм, талх, гурил, будааных 12.9 хувиар өссөн аж. Бүсчлэлээр нь ангилбал хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод өмнөх оны мөн үеийнхээс 6.1, орон нутагт 3.2-11 хувиар өсжээ. Завхан аймагт хамгийн бага буюу 3.2, Өвөрхангайд их буюу 11 хувиар өссөн дүн гарсан байна.
Бэлтгэсэн Н.Мишээл