Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 34 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэхийн зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, хоёр компанийн арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг төвлөрсөн хадгаламжийн бүртгэлээс хасахаар, нэг компанийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй давуу эрхийн хувьцааг бүртгэхээр тус тус зөвшөөрлөө. Мөн
- Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид,
- Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид,
- Банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг гурван компанид,
- Банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид,
- Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр есөн компанийг,
- Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид,
-Үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий гурван иргэнд олгохоор тус, тус хэлэлцэн шийдвэрлэсэн бол нэг компанийн хувьцаа зэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Мөн таван компанийн банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын болон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сэргээхээр тус тус шийдвэрлэв.