Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд муу зээлчдэгчдийн датаг зээлийн мэдээллийн сангаас арилгаж, тохируулга хийх болсноо Төв банкнаас мэдэгдлээ. Хөгжингүй орнуудад тухайн иргэн, байгууллагын зээлийн мэдээллийн түүхэнд огт гар хүрдэггүй аж. Сайн, муу тал талын мэдээлэл нь архивлагдаж, тухайн хүнийг тодорхойлох түүх болж иржээ. Гэтэл манай улсад зээлээ тухай бүрт нь төлсөн сайн мэдээллийг бус зээл төлөөгүй, хугацаа алдсан мэдээллийг бүрдүүлж, улмаар үүнийгээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд хадгалдаг нь бүрэн бус, өрөөсгөл арга юм. Тиймээс энэ нь Манжийн үеийн “өрийн дэвтэр” шиг ял мэтээр олон нийтийн дунд тархжээ.
2011 онд батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар зээл болон хэрэглээний нэг л төгрөг төлөөгүй байхад Монголбанкны “хар жагсаалт”-д орох аж. Иргэн та утас лизингээр аваад тодорхой шалтгааны улмаас бага хэмжээний төлбөрийг төлөөгүй үлдээхэд дээрх санд муу мэдээллийн бүртгэлтэй болно гэсэн үг. Тодорхой хэлбэл, банкны зээлээс гадна тог цахилгаан, утасны төлбөр дээр нэмэгдээд СӨХ-ийн төлбөр ч сөхөгдөх болсон. Хэрэв энэ асуудлыг хуульд тусгаж өгвөл СӨХ-ийн төлбөр төлөөгүй гээд зээлийн мэдээллийн санд бүртгэгдэх тохиолдол зөвхөн манайд бий болох нь ээ. Бусад орнуудад шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дээрх асуудал сөхөгддөг бол Монголд энэхүү дамжлагыг алгасаад шууд зээлийн мэдээллийн санд бүртгэгдэх нөхцөл үүсэх гэж байна. Хамгийн гол нь хэрэглээний өр төлбөрийг зээлийн мэдээллийн санд оруулж, эргээд энэхүү датагаар нь иргэдээ тушина. Цаашид ямар нэгэн байдлаар зээл авах шаардлага гарвал энэхүү мэдээлэл нь хаалт үүсгэх аж.
Иргэдээ бодсон нийгэмд дээрх зохицуулалтыг хийхдээ сайн, муу аль алиныг нь зээлийн мэдээллийн санд хадгалж, дэнсэлдэг. Хүнд ямар ч асуудал тохиолдож болно. Тэр үүднээс зээлээ сайн төлсөн түүх нь ч байдаг, зээлээ төлөөгүй хойшлуулсан тохиолдлыг ч бүртгэдэг. Харамсалтай нь Монгол шиг зөвхөн муу зээлийг нь бүртгэж, сайн төлсөн тохиолдлыг нь авч үздэггүй ийм өрөөсгөл зээлийн мэдээллийн сан байж болохгүй. Тодорхой эрх ашгийн үүднээс “өршөөл” үзүүлсэн нэрийдлээр зээлийн мэдээллийн санг хөдөлгөх жишээний. Уг нь зээлийн мэдээллийн сан гэдэг нь иргэдийг туших бус тухайн хүн хэр өр төлбөртэй вэ, зээлээ цагт нь төлдөг үү гэх мэт мэдээлэл авах зорилгыг илэрхийлэх сан билээ. Гэтэл тодорхой давтамжтай энэхүү мэдээллийг нь устгаж, муу мэдээллээр нь иргэдээ дарамталдаг систем Монголд бий болоод уджээ. Сайн түүхийг нь олж харахгүй хэрнээ ганц удаа хөл алдахад нь тас гээд харлуулчихна. Тиймээс л бүрэн утгаараа хэрэгжихгүй “хар жагсаалт” болон хувирчээ.
Шударга тогтолцоогоор бол сайн, муу мэдээллийг дэнсэлдэг байх учиртай. Ганц алдахад нь дэвсэлдэг бус өмнөх сайн түүхийг нь харж, боломж олгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр дээрх өрөөсгөл системээс болж зээлийн эрсдэлийг муу зээлдэгчдийн өмнөөс зээлээ төлдөг хүмүүс нь нуруун дээрээ үүрэх жишээний. Зээлийн хүүнд зээлээ төлөхгүй байх эрсдэлтэй хүмүүсийн магадлалыг тооцоолж, хүүг өндрөөр илэрхийдэг. Уг нь зээлээ төлдөггүй иргэдэд зээлийн хүү өндөр, зээлээ сайн төлдөг зээлдэгчдэд хүүгийн урамшуулал олгодог байх жишиг хөгжингүй орнуудад бий. Нөгөө талдаа нийт эдийн засагт зээлийн хүртээмж бага байгаа учраас зээлийн түүхээр нь ялгаварлан үздэг тохиолдол ч гардаг. Тиймээс Монголбанкны “хар жагсаалт” нь зээл өгөхөөс татгалзах нэг шалтгийг үүсгэдэг аж. Мөн макро эдийн засгийн шалтгаан ч бий. Тиймээс Монголбанкны зүгээс дээрх сангийн мэдээллийг устгаж, “өршөөл” үзүүлж буй дүр эсгэхийн оронд бодлогын хүүгээрээ зөв менежмент хийх шаардлагатай.
Тухайлбал, зээлийн мэдээллийн тухай хуульд мэдээллийг цуглуулах архивлах тухай тусгаснаас устгах тухай огт бичигдээгүй аж. Тиймээс хуульд тусгаагүй үйлдлийг төв банкнаас хийж байна уу гэх хардалтыг дагуулна. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш. Урьд нь 2-3 удаа ийм үйлдэл давтагдсан. Тухай бүртээ иргэдийн эрх ашгийг өмнөө барьсан мэтээр мэдэгдэл гаргаж байжээ. Үүнтэй адил 2024 онд 100 жил, зуд, ковид-19-өөр далимдуулан сонгуулийн өмнө ийм шийдвэрт хүрсэн нь ч хардалт төрүүлнэ. Учир нь дээрх шийдвэр иргэдэд бус тодорхой эрх бүхий хүмүүсийн датаг зээлийн мэдээллийн сангаас арилгах нэгэн оролдлого уу гэж харж болохоор. Мөн энэ нь аж ахуйн нэгж, хүмүүст хүлээлт үүсгэж, зээлээ тогтмол төлсөн нь хохирдог нөхцөлийг даамжруулж байна.