Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног Нью-Йорк хотод дөрөвдүгээр сарын 22-нд эхэллээ. “Capital Markets Mongolia”-ын зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монголын банк, санхүүгийн салбарынхан болон Монголыг сонирхож буй гадаадын хөрөнгө оруулагч, шинжээчид оролцож байна. Монголын хөрөнгө оруулалтын долоо хоногийн хүрээнд Монголоос очсон зочид төлөөлөгчид Нью-Йоркийн Хөрөнгийн биржээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэхүү зочдын багийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй Монголбанкны төлөөллүүд, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, СММ-ын гүйцэтгэх захирал Э.Золбаяр нар багтжээ.
Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн Дэд Ерөнхийлөгч, Олон улс хариуцсан зөвлөх газрын тэргүүн Крис Тэйлор, Олон улсын асуудал эрхэлсэн газрын тэргүүн Уилл Гүдвин нар тэднийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр Монголын компаниуд, тэр дундаа банкуудад Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж дээр гарах боломжтой эсэх, цаашлаад тус бирж Монголын зах зээлтэй хэрхэн холбогдох гарцуудын талаар харилцан санал солилцож, ярилцав. Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж нь 1972 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж юм. Өдгөө тус бирж дээр 2272 компани бүртгэлтэй бөгөөд биржийн зах зээлийн үнэлгээ нь 25.5 их наяд ам.доллараар хэмжигдэж, өдөрт дунджаар 1.46 тэрбум ширхэг хувьцаа арилжигдаж байна.
“Capital Markets Mongolia” нь хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Тус компани нь энэ жил АНУ-ын Нью-Йорк хотод “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээг анх удаа санаачлан Монголбанктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монголыг сонирхсон гадны хөрөнгө оруулагч нарт чиглэсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээний хүрээнд хоёр дахь өдөр нь буюу дөрөвдүгээр сарын 23-нд “Монголын банкны форум” зохион байгуулагдана. Энэхүү форумд Монголбанк, Сангийн яам, СЗХ болон томоохон банкуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулах бөгөөд форумд оролцохоор бүртгүүлсэн гадаадын хөрөнгө оруулагчид, шинжээчдийн тоо 50 гаруй болжээ.
Эх сурвалж: Монголын банкны холбоо