Монгол Улсын Засгийн газар, Монголын байгалийн өв сан, The Nature Conservancy in Mongolia байгууллага хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг эхлүүллээ. Уг хөтөлбөр нь дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар нутгийн нэг болох Төв Азийн цээжинд орших Монгол орны байгалийг нутгийн иргэдийн оролцоотойгоор урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хайрлан хамгаалахад чиглэгдэнэ.
Одоогийн байдлаар 71 сая ам.долларыг нь олон улсын хандивлагчдаас бүрдүүлж, “Монголын байгалийн өв” байгаль хамгааллын итгэлцлийн санд төвлөрүүлээд байна. Энэхүү санхүүжилт нь тусгай хамгаалалттай газар нутгийг урт хугацаанд тогтвортой менежментээр хангаж, Монголын ард түмэнд өнөө болон ирээдүйд байгалиа хамгаалах тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоход зохих дэмжлэг, боломжийг бүрдүүлэх юм.
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтэц болон менежментийн тогтолцооны үр нөлөөг эрс сайжруулан бэхжүүлж, уламжлалт мал аж ахуйн зохистой хэлбэр, тогтвортой аялал жуулчлалын замаар байгаль, цэнгэг усны нөөцийг хамгаалж, үнэ цэнийг нь батлан нотолж, бусад Улс оронд манлайлал үзүүлэх шинэ жишгийг тогтоох юм.
“Монголын байгалийн өв” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо “Манай улсын байгаль хамгааллын салбар нь ямагт хөрөнгө санхүүжилтийн дутагдалтай өнөөг хүрсэн. Тиймээс “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь энэхүү санхүүгийн асуудлыг шийдвэрлэх цогц шийдэл бүхий цагаа олсон санаачилга юм” хэмээн онцлон өгүүлэв. Тэрээр “Ил тод, холимог санхүүжилтийн загварт суурилсан Монголын байгалийн өв сангаар дамжуулан “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн байгаль хамгааллын тэргүүлэх зорилтуудад бид үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх болно” хэмээн онцоллоо.
“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь “Legacy Landscapes Fund” сан, Женнифер Спирс, Памела Таннер Болл, Жереми, Ханнелоре Грантхэм Байгаль орчны итгэмжлэл, Жоанна & Стюарт Браун, Лоринет сан, Хятадын дэлхийн байгаль хамгаалах сан, Сабра Тернбулл, Клиффорд Бернштейн, Маргарета, Каргилл Филантроп, Аркадиа, Роберт В, Вилсон Чаритабль Итгэмжлэл зэрэг хувь хүн, байгууллагуудын сайн санааны дэмжлэгээр хэрэгжиж байна.