НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос анх 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглан зарласан. Энэхүү тунхаглалаас хойш тус өдрийг дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж иржээ.
Манай улсад жил бүр “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэж, номын сангууд, хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газрууд, зохиолчид өргөнөөр оролцон, иргэд, хүүхэд залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн ном бүтээлийг алдаршуулж, олон нийтэд түгээх, хямдралтай номын худалдаа хийх ажлыг өргөнөөр зохион байгуулдаг уламжлалтай.
Хүн бүрт номын үнэ цэнийг ойлгуулах, ном бүтээх, хадгалж хамгаалах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийг уриалдаг энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гоос “Дэлхийн номын нийслэл” хөтөлбөрийг 2001 онд эхлүүлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр номыг сурталчилж, ном уншихыг хөхиүлэн дэмждэг хотыг шалгаруулан Дэлхийн номын нийслэл хэмээн өргөмжилдөг уламжлал тогтсон билээ. Дэлхийн номын нийслэлээр шалгарсан хот нь тухайн жилийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн бүтэн жилийн турш Дэлхийн номын нийслэл хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг байна. 2024 оны Дэлхийн номын нийслэлээр Страсбург хот шалгарчээ. Цахим орчны хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
- 2023 онд Аккра,
- 2022 онд Гуадалахара,
- 2021 онд Тбилис,
- 2020 онд Куала Лумпур,
- 2019 онд Шаржах,
- 2018 онд Афин,
- 2017 онд Конакри,
- 2016 онд Вроклав,
- 2015 онд Инчеон,
- 2014 онд Порт Харкурт,
- 2013 онд Бангкок,
- 2012 онд Ереван,
- 2011 онд Буэнос Айрес,
- 2010 онд Любляна,
- 2009 онд Бейрут,
- 2008 онд Амстердам,
- 2007 онд Богота,
- 2006 онд Турин,
- 2005 онд Монтреал,
- 2004 онд Антерп,
- 2003 онд Нью Дели,
- 2002 онд Александра,
- 2001 онд Мадрид хотууд “Дэлхийн номын нийслэл”-ээр сонгогдож байжээ.