АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт 4 дүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд боллоо. Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны бусад төлөөллийн хамтаар оролцож, энэ үеэр ОУВС-ийн Дэд захирал ноён Кэнжи Окамуратай уулзлаа. Талууд уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон өнгөрсөн онд гарсан эдийн засгийн нааштай үр дүнгүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
Энэ удаагийн Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад бусад улс орнуудын Төв банкнуудын Ерөнхийлөгч нар, Сангийн сайд нар, бизнесийн салбарын төлөөлөгчид, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцсон. Тэд дэлхий дахины санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжил, зээл, тусламжийн үр нөлөө зэрэг тулгамдсан асуудал, Олон улсын валютын сангийн 2023 оны ажлын тайлан болон энэ оны ажлын төлөвлөгөөнийх нь явцын талаар хэлэлцлээ.