Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Цайдам гэх газар энэ сарын 20-ны 09.28 цагт хээрийн түймэр гарчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, дараа өдрийнх нь 03.30 цагт түймрийг унтраасан байна. Урьдчилсан байдлаар 240 000 га талбай галд өртжээ. Улсын хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 сумд ой, хээрийн түймэр 39 удаа гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гал, түймрийн тоо 20.5 хувиар өсөв. Мөн шар өвс шатааж байгаад гал алдсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт цөөнгүй бүртгэгдсэн байна. Тодруулбал нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 36 дуудлага ирсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах ангиудынхан, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийнхэн унтраажээ. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг, Майхан толгойн хойно шар өвс шатаасны улмаас түймэр дэгдсэнийг шуурхай унтраасан байна. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэдэд түгээж, анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв.
Бэлтгэсэн Ч.Туяа