Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа нээлттэй ил тод, цахим хэлбэрт шилжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдөр Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл өгч, шуудан илгээмж, карго ачаанд хийж буй гаалийн хяналт шалгалт, үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал, зөрчлийн талаар танилцуулж санал солилцох зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж 60 гаруй иргэн, ААН оролцож байна.
Сүүлийн жилүүдэд цахим худалдаа эрчимтэй хөгжиж шуудан илгээмжийн тоо нэмэгдсээр байна. УХШИГГ 2024 оны эхний 3 сарын байдлаар 588,3 тонн ачаанд хяналт шалгалт хийж ажилласан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5,8 %-иар өссөн үзүүлэлт юм.
УХШИГГ нь Монгол шуудан, Ди-Эйч-Эл, Монгол инфинити, Монгол шуудан-нисэх гэсэн 4 гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулж өдөрт дунджаар 3800 орчим хүлээн авагчтай 10-15 тонн ачаанд гаалийн хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Гаалийн байгууллага рентген аппарат, эрэлч нохой, шаардлагатай үед хар тамхины шинжлэн таних зөөврийн төхөөрөмж ашиглан хяналт шалгалтын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж тухайн өдөрт нь дуусгаж, шуудангийн байгууллагад нь шилжүүлдэг.
Харин гаалийн байгууллага нь эрсдэлийн мэдээлэлд үндэслэн шалгах шаардлагатай зарим цөөн ачааг түр саатуулж тээвэрлэгч байгууллага, Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын төлөөлөл болон ачаа хүлээн авагчийг байлцуулан, бүрэн камерын хяналт доор нягтлан шалгаж шийдвэрлэдэг.
Хэрэв таны ачаа гаалийн хяналтын бүсэд, гаалийн хяналт шалгалтын үед дутаж алга болсон гэж үзэж байгаа бол энэ гомдолоо албан ёсоор гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм.
Гаалийн байгууллагаас шуудан илгээмжид хийж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг улам сайжруулж, нээлттэй ил тод олон нийтэд танилцуулах зорилгоор өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна.
Улсын хилээр орох чиглэлд "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, сүүлийн үед нэн шинэ төрлийн /бутаника/ бодис шуудан илгээмж ашиглан нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарсаар байна.
Тухайлбал УХШИГГ 2023 онд 10 удаагийн, 2024 он гарснаас хойш хэд хэдэн удаагийн хар тамхи, сэтгэцэт нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлж таслан зогсоож ажилласан.
Мөн алтан эдлэл, мөнгөн эдлэл, монетон эдлэл, эм, эмийн түүхий эд, бүтээгдэхүүн, гарах чиглэлд бэлэн мөнгө, өвчин намдаах тариа зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар шуудан илгээмж ашиглан нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй хэрэг, зөрчил зонхилон үйлдэгдэж байна.
Иргэн та овог нэр, регистерийн дугаар, утасны дугаар, шуудангийн хаяг гэх мэт хувийн мэдээллээ таних, танихгүй хэн нэгэнд өгөхөөс татгалзаарай.
Танд дайсан ачаа тээшинд хар тамхи мансууруулах бодис нуусан байх боломжтой тул бусдад дамжуулах ачаа илгээмжийг авахгүй байхад анхаарна уу.
Танд ирэх ёсгүй ачаа ирсэн гэх мэдээлэл ирвэл гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэж өөрийгөө болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.