АНУ-ын Вашингтон хотноо энэ өдрүүдэд болж буй Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн хаврын чуулга уулзалтад Монголын Санхүүгийн зохицуулах хорооны дарга тэргүүтэй төлөөлөл оролцож байна. Чуулга уулзалтад улс орнуудын төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллага болон төр, хувийн хэвшлийн санхүү, бизнесийн салбарын төлөөллүүд оролцож олон улсын санхүү, эдийн засгийн сэргэлт, Дэлхийн банкны Хөгжлийн хороо, Олон улсын валютын сангийн Валют, санхүүгийн хорооны жилийн тайлан, энэ оны ажлын төлөвлөгөөний явцын талаар хэлэлцэж байна. Чуулга, уулзалтын үеэр зохион байгуулагдаж буй Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн “Төр ба хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт” болон “Жи24-ийн дугуй ширээний уулзалт”-ууд үргэлжилнэ.
Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн “Төр ба хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”-д нийгэмлэгийн гишүүн төв банкууд, санхүүгийн зохицуулагч байгууллагуудын удирдлагууд болон санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тэргүүлж буй хувийн хэвшлийн захирлууд оролцож “Хүртээмжтэй ногоон санхүүжилт”-ийн хүрээнд сайн туршлага, анхаарах асуудлын талаар санал солилцож байна. Мөн энэ үеэр өнгөрсөн оны “Хүртээмжтэй ногоон санхүүжилт” стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулж, дүгнэсэн бөгөөд гишүүн орнууд ногоон санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүнгийнхээ талаар танилцуулав. Харин “Дэлхийн уур амьсгалын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд болсон “Жи24-ийн дугуй ширээний уулзалт”-аар уур амьсгалын санхүүжилтийн шинэ стандартуудыг боловсруулах, үүнийгээ санхүү, хөрөнгийн бодлого тодорхойлогч олон улсын байгууллагуудын үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах талаар хэлэлцэж байна.