“Уран зохиол” буландаа залуу яруу найрагч Э.Батзолбоог онцолж байна. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг жүжгийн зохиолч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр уран зохиол, яруу найрагт шимтэн дурлагсад, уншигчдын хүрээлэлд хэдийн танигдсан өвөрмөц “ертөнц” юм. Хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор, зохиолч, яруу найрагч П.Батхуяг агсан нэгэнтээ “Яруу найрагчаар” яруу найрагч” хийнэ гэдэг хэцүү бэрх явдал. Бас яруу найрагчийн багш, яруу найрагч байна гэдэг чамгүй нарийн урлаг. Хувь тавилан гэдэг сонголтгүй оноолт юм. Нэг л мэдэхэд би тийм замыг сонгож, Э.Батзолбоо шиг ийм залууст багшлах, нөхөрлөх хоёрын дундуур олон жилийг туулжээ. Тэд нүдэн дээр яруу найрагч болж, нүдэн дээр амьдрал, зохисыг таньж, нүдэн дээр авьяас гэдэг хайр болохыг таниулж, цэл залуу насаа нойтон хувцас гэж ухаарч байна. Яагаад нойтон хувцас гэж үү? Залуугаасаа яаран шүхэр олж баригчдад би дургүй. Тэгээд хуурай явагчдыг ойлгодоггүй. Бусдын шүхэрт толгой хоргодогчдод бүр дургүй. Жинхэнэ яруу найрагч бол хувхай хуурай бус, нойтон хувцас шиг хүнд сэтгэлтэй явах зам мөр юм. Энэ бүх хүсэл чанар Э.Батзолбоогийн шүлгүүдээс урсан гарч, дотроосоо дахин дахин төрөн цалгилж байгааг мэдрэх ховор сайхан завшаан...” хэмээн өгүүлсэн байдаг.
Бяцхан өрөөнд би, ширээний гэрэл
Бусдын адил л асна, бусдын адил унтарна...
Сүүдэр минь бясалгахаар оджээ
Сүнс минь ч бас алга
Би энэ өрөөнд байхгүй
Хэн одоо намайг хайж
Хэтэвчин доторх намуу цэцэг
Хайртай өвөөгийн минь зурагнаас үндэслэхийг харах
Гар дээрээ сийчсэн үгс бага багаар нүүсэн шиг санагдана
Арьс хүртэл ийн өөр тийш зүтгэв.
Намайг илэрхийлэх зүйл тэгээд
Надад бий гэж үү хэмээн бодтол
Үүд цохих чимээ гэнэтхэн гарав.
Үнэндээ би очих хүсэлгүй
Ширээний гэрэл, ширээний гэрэл л юм, би
Өөртөө бяцхан галзуурлыг тээ Ошо
Чулуудтай бясалгал үйлдэж, шувуудтай эрх чөлөөг мэдэрье
Чин үнэний тухай дуулах ганцхан тэнгэр байгаад талархъя
Өөр дотроосоо чимээ гаргадаг өчүүхэн хонх болсон ч гомдохгүй
Өвсөн дундаас одод руу тэмүүлэх царцаахай болсон ч уйлахгүй
Салхи мэт зүг чигээ буруул, үүлс мэт хөнгөн хийсвэр бай.
Сандралдан үймэлдэх шоргоолжнууд мэт сэтгэл дотор чинь
Шаналал бяцхан нүх шиг бага багаар тэлж байсан ч бүү гутар.
Үүсэл гарлаа хумхын тоос гэж итгэсэн ч алтны ширхэг мэт гялалзах,
Үхлийн тухай бодол минь торгоны оёдлоос ч нягт байх
Үүрээр үсчсэн загаснууд цөмөөрөө оюун санааны минь эс
Би өөрөө, бүх л дэлхий, мөхөгсөд, сэргэн мандалт
Ганцхан миний бие дээр соёлын хувьсгал, биеийн хувьсал өрнөнө.
Бодлоосоо яг л усанд туссан сар шиг чөлөөлөгдөх сөн.
Үсэнд суусан сор бүхэн үхлийн төлөө биш, бага багаар ургахын төлөө.
Үнэндээ галзуу байсны минь шан харамж надад ирэв.
Амьтай, амьгүй гэж ялгал үгүй бүгдийг тэврэн ававч
Аль эртний амьсгал минь тэр бүхэнд шингэснийг мэдрэх
Хамаг тамираа барж чулуу мэт бясалган суухад хүргэдэг
Усан дунд түрсээ шахах загасны
Чулуудад шивнэсэн үгс ч юм уу
Удалгүй миний алчууранд тодорсон дүрс нь ч юм уу
Аль нь ч ялгаагүй бүгд л аниргүй дотор сэлүүрдэнэ.
Чимээ чагнавал, ердөө л салхины алга мөрөн дээр
Чийгтэй гараараа алгадах л сонстоно.
Уйлж, дуулсан урьдны хормууд ч цав цагаан дотор
Уйтгартай бяцхан дүрс гэдгийг бодохоос гол харлам.
Чангахан хэлсэн үгс, яагаад зөөлөн хэлснээс сул дуулддагийг
Чанга хашхирсан ч яагаад доторх чулуу бутрахгүй байгааг
Урсгал усанд тольдсон нүүрээ, уудам газарт яагаад харж болдоггүй,
Урагш ниссэн шувууд яагаад хойд зүгээс ирдгийг,
Уйлах нь амархан, инээх тийм хэцүү байгааг ойлгож чадахгүй нь
Бүгд хоосон болж арчигдахдаа хүртэл, бүгд гөв гөлгөр мөлийсөн чулуу болохдоо хүртэл
Бүр эрт хүмүүс чулуу байсан ч юм шиг санагдах хүртэл
Бүгдээрээ ямар ч утгагүй үгс болчихсон салхинд хийсэх мэт
Сул ганхах нарийн өвс хүртэл чулуу цоолчихсон байгаад
Байгалиас заяасан гунигийг бид бага багаар залгиулж
Байгаагаа мэдрэх тусам л
Загастай алчууран дотроо өөрөө ороод нуугдчихмаар...
Өвөг эцгийн минь мужааны амбаар шиг
Өнөөдрийн хуучин өдрүүд үргэлжилсээр л
Сүх, гэр, унь, багана юуг ч урласан хамаагүй
Сүүлчийн мөчид хүртэл сүнс нь түүндээ хоргодох
Бяцхан зүрх шиг нь тийм нууцлаг өрөө
Сонин үлгэрүүд сонсмоор санагдавч
Мод харуулдах өвөөгийнхөө төрхөөс
Бүгдэд төгсгөл үгүйг таних...
Маргааш энэ бүхэн хэвээр үргэлжлэх....
Магадгүй уйтгартай ч юм шиг цаг хугацааны дараалал
Сүхний иш, эсвэл гэрийн шал үндэс сууриудаа хийж дуусгаад...
Одоо бүгд боллоо гэж амандаа бувтнахад нь
Оргилох тэр хүслээ үл ойлгож, дотор хүчтэй цохилох тэр зүрхээ ч гэсэн
Өвөг эцгийн мужааны өрөө байсныг ухаарлаа
Амьсгалах шиг сайхан мэдрэмж үгүй байхад
Би юуг хайж тээнэгэлзээ вэ
Амьд гэдгээ мэдрэх шиг жаргал үгүй байхад
Ямар тансаглалаа эрж хэсүүчлээ вэ
Алхахад л бодлууд бясалгал мэт атал
Юунд бясалгах гэж хичээгээ вэ
Эргэн тойрон тэр чигтээ л
Элстэй газрын мод шиг тийм эмзэг шүлэг атал
Эргэлдэж би хэчнээн төөрөлдөө вэ
Иймэрхүү байдалтай би хэчнээн удаан зогсоо вэ
Ихэрхүү биеэ тоосон чанаруудаар юунд хуяглаж
Илд бамбайгаа уур бухимдлаар юунд хурцлаа вэ
Инээмсэглэл бол ямар ч хуяггүй
Энгийн нэгэн хувраг шиг хэрнээ
Илд шиг үгсээр хуягласныг ойлгох...
Энэ мэдрэмжийг таних гэж хэчнээн их удав даа...
Ханан дээрээ зурсан загаснууд минь
Ус нэхэж гуниглах
Хачирхалтай өдрүүдэд би,
Далайд хувилав.
Өөр дотроос элэх
Загас жараахай,
Завь, хөлөг онгоц бүгдийг
Займчиж сэгсэчсээр хөнөөж орхив.
Ханан дээрээ зурсан загаснууд минь
Эрх чөлөө нэхэж гуниглах,
Энэ өдрүүдэд би
Эрх чөлөөнд хувилав.
Жирийн бус охидыг би нүднээсээ баллуурдаад
Жирийн л хайрыг харцандаа зурмаар байна
Ус шиг охидыг би нулимс болгож урсгаад
Улам ихээр шаналмаар байна.
Тасартлаа уумаар байна
Тасармаар байна
Тасар татуулмаар байна
Солгой хоолойгоор аялаад
Ор тас мартмаар байна
Усан борооноос хоргодох саравч болгоод
Өөрөө уйлж суумаар байна...
Хайраар жирэмсэлсэн охидыг би
Нүднийхээ гүнд үндэслүүлээд
Үнэнч гэдэг хүүхэд төрүүлж
Үлгэр ярьж өгмөөр байна.