Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулж Монголбанкны хар жагсаалтад орсон иргэдэд “өршөөл” үзүүлж байна. Тодруулбал, зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэл, Ковид-19 цар тахлын Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв.
Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.