НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийн гол оролцогч талуудын дунд “Ногоон, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд жендэрийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, цэвэр эрчим хүчний салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, бодлогын хэрэгжилт, уялдаа холбоог онцлон хэлэлцсэн.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз “Монголын эрчим хүчний салбар нүүрснээс хамааралтай ийм нөхцөлд бодлогын өөрчлөлт хийх сонголтын өмнө ирлээ. Өвөр Монголд нарны эрчим хүч хөгжиж байна. Монгол Улсад энэ потенциал бий. Монголчууд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлээд Хятад руу экспортлох зах зээл ч байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкаас сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжүүлж байна. Цаашлаад эмэгтэй инженерийг сургах, дээрх чиглэлийн боловсролд хөрөнгө оруулалт хийх, жендэрийн асуудлыг уялдуулахаар зорьсон. Ингэхдээ шинэ төсөл хөтөлбөрүүдэд эхнээсээ жендэрийн тэгш байдал хангахыг тусгавал үр дүнтэй. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн үр шимийг бий болгох төслүүдийг дэмжихийг зорьж байна” хэмээн онцоллоо.
Ногоон эрчим хүчний шилжилтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого, стратеги, уур амьсгалын санхүүжилт, ногоон ажлын байран дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцсон.
БНФУ-аас сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжин ажиллаж байна. Энэ талаар БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиен Сүрүн “Эрчим хүчний хүртээмжтэй байдал нь эдийн засгийг хөгжүүлэх чухал салбар. Монгол Улсын эрчим хүчний хүрэлцээ жигд бус байгаа нь тус салбарт оновчтой зохицуулалт хийх шаардлагатайг харуулж байна. Монгол Улс ОХУ-аас эрчим хүч импортолдог. Үүнд ялгаагүй өндөр үнэ төлдөг учраас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх гарц байна. Монголчууд өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд Хятад руу экспортлох боломжтой. Үүнд хувийн хэвшлийн санхүүжилт ч хэрэгтэй. Түүнчлэн Франц, Монголын Ерөнхийлөгч нар айлчлалын үеэр харилцан тохиролцсоны дагуу дээрх чиглэлд бодит төсөл хэрэгжүүлэхээр тохирсон” хэмээн ярилаа.
Канад Улсын цахилгаан, дулааны 80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна
Канад Улсаас Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфани “Цэвэр эрчим хүчний асуудал Монголд чухал. Монгол Улсад потенциал нь байгаа ч процесс нь удаан. Нүүрсгүй эрчим хүчийг бий болгохын тулд сонголт хийх эгзэгтэй үе гэж харж байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх үү эсвэл нүүрс хэрэглэхгүй байх аргагүй нөхцөлд буюу мухардалд орсны дараа шилжих үү гэдэг сонголтын өмнө иржээ. Канад Улсад нийт эрчим хүчний 80 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг. Үүний 50 хувь нь усан цахилгаан станц юм. Зөвхөн усан цахилгаан станцаар эрчим хүчээ хангадаг муж бий. Энэхүү туршлагаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд тэрбум тэрбум ам.долларын санхүүжилт хийдэг” хэмээн дурдлаа.
Олон талт хэлэлцүүлгийн үеэр уламжлалт эрчим хүчний салбарыг хэрхэн ногоон эрчим хүч рүү чиглүүлэх вэ, эрчим хүчний шилжилт хийхдээ бүх оролцоог хангаж байж эдийн засгийн үр өгөөжийг хүртэнэ, байгаль орчин, жендэр, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний хараат байдал зэрэг сэдвүүдийг хөндөн хэлэлцсэн. Хамгийн гол нь эрчим хүчний шилжилт хийхдээ сэргээгдэх эрчим хүчний талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, уламжлалт сэтгэлгээгээ өөрчлөх асуудлыг хөндлөө.
НҮБХХ-ийн эрчим хүч, жендэрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ана Виктория Рохас “Эрчим хүчний шилжилтийг эмэгтэйчүүдийн манлайлалтай холбож, бодлогын арга хэмжээ авч байна. Учир нь дотоод орчны агаарын бохирдлоос болж дэлхийд 3.2 хүн амиа алджээ. Эдгээрийн ихэнх нь охид, эмэгтэйчүүд. Мөн эмэгтэйчүүдийн гэр орны ажил хийхдээ зарцуулдаг цагийг тэднийг хөгжүүлэхэд зориулбал өндөр үр дүн гарна. Хоол хийхдээ хүртэл цэвэр эрчим хүчийг ашиглах гэх мэт сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Энэ маягаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд охид, эмэгтэйчүүд өөрийн хувь нэмрээ оруулах боломж их. Сэргээгдэх эрчим хүчний зах зээлд хөл тавьж, өөрсдийгөө хөгжүүлж, ногоон хөгжлийн чиглэлээр үр шимийг хүртэх нөхцөл ч бүрдлээ. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний салбарын 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Ирэх жилүүдэд тус салбарт 43 сая ажлын байр шинээр бий болох юм. Эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэхийн хэрээр үүнд эмэгтэйчүүдийн хичээл, зүтгэл чухал” хэмээн ярилаа.
НҮБХХ нь 2025 онд 500 сая хүнд тогтвортой хүртээмжтэй эрчим хүч ашиглах боломж олгохыг зорьж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна. Эрчим хүчний шилжилтийн үед эрх мэдлийн бүтцийг оновчтой болгох, эрчим хүчний хүртээмжтэй байдал, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт зэрэгт анхаарч буй. Жишээлбэл, Перу Улсад цэвэр эрчим хүчний техникчдийг бэлтгэх төслийн хүрээнд нийт суралцагчдын 82 хувьд эмэгтэйчүүдийг хамруулжээ. Мөн төрөл бүрийн техник, технологийн сургалтыг зохион байгуулж, тус улсын сургалтын хөтөлбөрт жендэрийн асуудлыг тусгаж өгсөн байна. Йемен Улсад орон нутгийн дасан зохицох чадамжийг бий болгох зорилгоор эмэгтэйчүүдийн нарны эрчим хүчийг ашиглах чадамжийг нэмэгдүүлж, уламжлалт бус салбарт хөдөлмөр эрхлэлтийг өсгөх төслийг хэрэгжүүлжээ. Харин Непалд Сэргээгдэх эрчим хүч, орон нутгийн амьжиргааг дэмжихийн зэрэгцээ нарын эрчим хүч, эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол Улсад НҮБХХ-өөс сэргээгдэх эрчим хүч, эмэгтэйчүүдийн манлайлал, нүүрс төрөгчийн зах зээлээс мөнгө босгох чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа аж. Тодруулбал, БНФУ-ын Засгийн газрын санхүүжилтээр НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран “Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр хорооллын амьдралын чанарыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, Улаанбаатар хотын гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах замаар байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьжээ.
Монгол дахь НҮБХХ-ийн Суурийн төлөөлөгч Матилда Димовска “НҮБХХ нь Монгол Улсын тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд эмэгтэйчүүдийн манлайллыг анхаарч, дэмжин ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн хэрэгцээ, шаардлагыг эрчим хүчний салбарын бодлогод бүрэн гүйцэд тусгаж, тэднийг тус шилжилтийн манлайлагч болгож чадсан цагт л бид хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоно” хэмээн онцоллоо.
Манай улсын хувьд энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар Эрчим хүчний яамны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтүвшингээс тодруулав. Тэрбээр “Өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх жендэрийн стратеги төлөвлөгөөг баталсан. Арван жилийн хугацаанд хэрэгжүүлэх тус төлөвлөгөөнд салбарын эмэгтэйчүүдийг 40 хувьд хүргэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар ЭХЯ-ны 13 газрын даргын гурав, салбарын хэмжээнд 27 хувь нь эмэгтэй ажилтан байна” гэв.