Баян-Өлгий аймаг 2023 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 1.8 тэрбум төгрөгийг орон нутгийнхаа төсөвт төвлөрүүлж, үүний 24 хувь буюу 487 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулжээ. БОАЖЯ-наас 2021 онд улсын хэмжээнд хяналт шалгалт хийхэд тус аймаг байгалийн нөөцөөс төвлөрүүлсэн орлогыг зориулалтын дагуу зарцуулдаггүй, хууль, журмыг хамгийн муу хэрэгжүүлдэг гэсэн үнэлгээ авсан юм. Өлгийчүүд тухайн онд байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд 1000 төгрөг ч зарцуулаагүй нь эл шалгалтаар ил болж, шүүмжлэл дагуулсан. Тэгвэл тус аймгийн болон сумуудын ИТХ-ын төлөөлөгч бүсгүйчүүд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад шаардлага тавьж ажилласны үр дүнд өнгөрсөн онд хагас тэрбум орчим төгрөгийг байгаль хамгаалахад зарцуулсан байна.
Ташрамд сануулахад, манай улс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ойн нөөц, дагалт баялгийн төлбөрийн 85, амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн 50, ус ашиглалтын орлогын 35, газар, байгалийн ургамлаас төвлөрүүлсэн мөнгөний 15 хувийг байгаль хамгаалалд зарцуулахаар эрх зүйн орчин бүрдүүлсэн.
Бэлтгэсэн Н.Мишээл