Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээрийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүд нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчинд аюул учруулж буй. Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1.5 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрөн оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба иргэд олон нийтийн экологийн боловсролын дээшлүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгжийг татан оролцуулж, байгаль хамгаалах ажилд үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос “Байгалиа Хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн. Энэ жил Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд иргэн бүр нэгдэж оролцоогоо нэмэгдүүлэхийг салбар яамны зүгээс уриаллаа.