Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн байгууллагын 20 орчим сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хууль хяналтын байгууллага дураараа хязгаарлаж, халдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон. Тэгвэл 20-иод сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд чухам ямар үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа вэ.
Хууль хяналтын байгууллагынхан иргэн, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл гаргасан тохиолдолд хуульд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй. Хэн нэгэн мөрдөгч, прокурорын дураар хэрэг үүсгээд байдаггүйг албаны хүмүүс тайлбарлаж байна. Прокурорын байгууллагаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай холбоотой хэрэг, зөрчилд судалгаа хийсэн аж. Улсын хэмжээнд 2023, 2024 оны эхний гурван сарын байдлаар иргэн, байгууллагаас гаргасан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 15, гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авсан байна. Дээрх 202 гомдол, мэдээллийн дийлэнхийг хувь хүний гаргасан гомдол эзэлж буй гэсэн. Тодруулбал, нийт гомдлын 135 буюу 66.8 хувийг иргэнээс, 37 буюу 18.3 хувийг аж ахуйн нэгж, байгууллагаас, 30 буюу 14.9 хувийг албан тушаалтан гаргасан бол 91 буюу 45 хувь нь цахим мэдээллийн хэрэгсэл (сайт), 30 буюу 14.8 хувь нь сэтгүүлч, гурав буюу 1.4 хувь нь телевизтэй холбоотой аж.
Зөрчлийн шинжтэй 15 гомдол, мэдээллээс есийг нь хүлээн авахаас татгалзаж, гэмт хэргийн шинжтэй нэгийг нь харьяаллын дагуу мөрдөх байгууллагад шилжүүлжээ. Харин бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг зөрчлийн таван хэрэгт нэр бүхий гурван сэтгүүлчид Зөрчлийн тухай хуульд зааснаар торгууль оноосон гэнэ.
Иргэн, байгууллагаас гаргасан “Хувь хүний нууцыг задруулах”, “Худал мэдээлэл тараах”, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”, “Татвар төлөхөөс зайлсхийх”, “Мөнгө угаах”, “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” зэрэг гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авч, прокурорт санал гаргаж ирүүлснээс 106 буюу 56.6 хувийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, хааж шийдвэрлэжээ. Эл 187 гомдол, мэдээллийн 12.8 хувь буюу 24 хэрэгт мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 13 сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж буй гэнэ. Тэднээс хуульд заасны дагуу нэг яллагдагчийн хэд хэдэн үйлдлийг нэмж нэгтгэсэн байна.
Мөн шүүхээс хоёр сэтгүүлчийг Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгээд, Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу худал мэдээллийг залруулж, бусдын нэр төрийг сэргээх арга хэмжээ авахыг даалгажээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг баталгаатай эдлэх бөгөөд энэ нь нэг талаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нөгөө талаас бусдын эрхэд халдсан буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг шүүхээс оноох байдлаар баталгааждаг эрх хэмээн прокурорын байгууллагын албаны эх сурвалж хэлж байна.