Өнгөрсөн шөнө Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт Богд, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр, Тарагт, Хужирт сумдад төөрсөн, сураггүй болсон 21 иргэн, автомашин цасанд суусан 5 дуудлага бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, сум орон нутгаас алба хаагчид гарч эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан иргэдийг эсэн мэнд оллоо.
Тодруулбал, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Тарагт, Хайрхандулаан, Есөнзүйл, Хужирт суманд нийт 5 иргэн малдаа яваад төөрсөн, сураггүй болсон, Хужирт суманд автомашин замын зорчих хэсгийн хажууруу унасан дуудлагаар Онцгой байдлын албанаас 10 гаруй алба хаагч, 3 автомашин, сумдын Онцгой комиссоос 10 алба хаагч, 4 автомашинтай эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ.
Түүнчлэн хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө. Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.