Төслийн хүрээнд Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хувилбарыг хэлэлцүүлэх уулзалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцуудын Удирдах зөвлөл, Шинжлэх ухаан, техникийн хорооны гишүүд болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, олон Улсын байгууллагуудын төлөөллүүд оролцов. Хэлэлцүүлгийн зорилго нь шинэчлэн боловсруулсан Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийн хүрээнд хэлэлцэж санал авахад чиглэсэн.
Тус арга хэмжээг нээж Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга, Биологийн олон янз байдлын конвенцын үндэсний зохицуулагч Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ тунхаглалд тусгагдсан зорилтуудыг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлага тулгамдаж, энэ нь манай гараг дээр амьдарч буй амьд оршихуй бүрийг хамгаалж үлдэх сүүлчийн боломж болж байна. Ганц жишээ дурдахад Монгол орны хөхтөн амьтдыг Олон улсын Улаан дансны үнэлгээгээр үнэлж үзэхэд устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг ангилалд орсон хөхтөн амьтдын талаас илүү хувь (52%) нь амьдрах орчны хомсдол доройтлоос болж тоо толгой нь буурч байна гэсэн дүгнэлт гарсан” гэдгийг онцолсон.