БОАЖЯ-наас өчигдөр зохион байгуулсан Байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөнд нийслэл, орон нутгаас 250 гаруй хүн оролцлоо. Салбарын эрх зүйн орчныг сайжруулж, судалгаа шинжилгээг өргөжүүлэн, байгаль хамгааллын үр ашигтай менежментийг нэвтрүүлж, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг санаачилсан. Тиймээс нэгдсэн зөвшилцөлд хүргэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс сав газрын, тусгай хамгаалалттай газрын захиргаа, сум дундын ойн анги, ус, цаг уурын алба гээд байгаль орчны бүх салбарын удирдах албан тушаалтныг үүнд хамруулжээ.
Зөвлөгөөнийг “Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор зохион байгуулсан бөгөөд илтгэгчдийн яриа, танилцуулга, мэдээлэл экосистемийн хамгааллыг сайжруулах, үнэ цэнийг нь таниулах, байгалийн нөөцийн хомсдолыг хязгаарлах зэрэг сэдэвт голдуу чиглэжээ.