Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр үйлчлээд хоёр жил болж байна. Уг хуулийг хэрэгжүүлэх үүргийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) хүлээсэн аж. Тиймээс тус комисс Хүний хувийн нууцыг хамгаалах хэлтэс байгуулж, төрийн байгууллагуудын цахим мэдээллийн сангуудад хяналт тавьж эхэлжээ. Хувь хүний мэдээллийг байгууллагууд л түлхүү ашигладаг учраас тийш чиглэж байгаа аж. Тэд “Технологи ба хүний эрх” сэдвээр жилийн турш олон нийтийн хяналт шалгалт зохион байгуулахаар болсноо өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Мөн хувийн мэдээлэл гэж юу болох, түүнийг хамгаалах нь яагаад чухал, технологийн хөгжлийг дагасан хүний эрхийн зөрчил, эрсдэлийг таниулах кампанит ажил өрнүүлэх гэнэ. Улмаар технологийн хөгжлийн эрин үед хувийн мэдээллийг хамгаалахад учирч буй бэрхшээл, гарах шийдлийг тодорхойлсон баримт бичиг боловсруулахыг ХЭҮК-ынхон зорьж буй юм. Төрийн аливаа үйлчилгээг цахим болгох нь зөв ч хүний эрхийг хангах асуудлыг хамт зохицуулах ёстой гэж үзжээ.
“Ковид-19” цар тахлын үеэр бараг ихэнх үйлчилгээний байгууллага иргэдээс регистрийн дугаарыг нь нэхэхээс эхлээд хувийн мэдээлэлд хамаагүй “халдаж” байсан билээ. Мөн халдвар авсан гэх эхний иргэний явсан бүх маршрут, хувийн мэдээллийг олон нийтэд шууд цацсан. Хувь хүний мэдээллийг хамгаалах нь ямар чухал гэдгийг бид цар тахлын үед ийнхүү илүү мэдэрсэн гэхэд болно. Тиймээс дээрх хэлтсийн зүгээс ХУР, “И-Монгол” систем болон цагдаа, хуулийн зэрэг төрийн байгууллага дахь хувь хүний мэдээллийн санд хүний эрхийн ямар зөрчил байгааг илрүүлэхэд төвлөрч ажиллаж буй аж.
Технологийн дэвшлийн хохирогчоор голдуу нэн ядуу, бэлгийн цөөнх зэрэг найман бүлгийн иргэд өртдөгийг НҮБ-аас тогтоожээ. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК хувийн мэдээллийг хамгаалах бэлтгэл ажлаа амжуулсан бөгөөд иргэд, байгууллагаас хувийн мэдээлэлтэй холбоотойгоор хүний эрх зөрчсөн 48 гомдол хүлээн авч, холбогдох байгууллагад зөвлөмж өгч, арга хэмжээ авсан байна. Банк, санхүүгийн байгууллага, СӨХ-нд хувийн мэдээллийг зохисгүй ашигласан, үйлчилгээний газрын хяналтын камеруудаар хүний эрх зөрчдөг гэх мэт гомдлыг түлхүү ирүүлжээ. Хэрэв технологитой холбоотой хүний эрхийн зөрчлөө арилгахгүй бол тус комиссоос тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай хүсэлт гаргах эрх зүйн зохицуулалт бий аж. Өнгөрсөн хугацаанд ийм хариуцлага тооцсон нэг бус тохиолдол гарсныг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа хэлсэн юм.