Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай тушаалыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга гаргажээ. Үүний дагуу нийслэлийн Онцгой байдлын болон Цагдаагийн удирдах газрынхан хамтран ойн сан бүхий дүүргүүдэд эргүүл, шалгалт хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, шаардлагатай газарт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбар, хаалт, хашилт байршуулах гэнэ. Нийслэлд өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас ахиу цас орсон ч дөрөвдүгээр сарын эхний хагаст цаг агаар огцом дулаарсан нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж, өнжмөл өвсний түймрийн дуудлага хэд хэд бүртгэгдсэн байна.