Жил бүрийн 3-6, 9-11 дүгээр сард ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр гэж үздэг бөгөөд энэ үед цаг агаар тогтуун биш, салхи, шуургатай байдаг. Он гарснаас хойш улсын хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ аймгийн 11 сумд 16 удаа ой, хээрийн түймэр гарч, 62 649 га талбай галд өртсөн байна. Сүхбаатар аймагт гэхэд тав хоногийн хугацаанд таван удаа түймэр гарчээ. Тус аймгийн Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат сумын нутагт гарсан түймрийн улмаас 37 мянган га бэлчээр шатсан байна. Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс, нурмаа битүү тагтай саванд хийх, тамхины иш, чүдэнзийг гүйцэд унтраах, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, айлууд хашааныхаа өнжмөл өвсийг хараа хяналттай шатаах зэргээр анхаарал болгоомжтой байж, түймэрт өртөхөөс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.
Бэлтгэсэн Ч.Туяа