Ойн тухай хууль, Улсын Онцгой комиссын 2024 оны 02 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын 2024 оны 02 дугаар албан даалгаврыг үндэслэн “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2024 оны А/56 дугаар тушаал гарч хэрэгжилтийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд ойн сан бүхий дүүргүүдэд хамтарсан эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулах, шаардлагатай байршлуудад ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбар, хаалт хашилт байршуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулан ажиллана.
Өвлийн улиралд олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас унасан хэдий ч 4 дүгээр сарын эхний хагаст цаг агаар огцом дулаарсан нь түймрийн эрсдэлийн зэргийг нэмэгдүүлж, өнжмөл өвсний түймрийн дуудлага мэдээлэл хэд, хэд бүртгэгдсэн байна.
2024 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн ой хээрийн түймэр гарах аюулын үнэлгээ
Тиймээс хавар, намрын хуурайшилтын үеэр иргэн бүр дараах дүрмийг мөрдөн ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
-Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
-Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
-Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах
-Түлсэн гал асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
-Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
-Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газар болон орон нутгийн байгаль хамгаалагчид болон Нийслэлийн Онцгой байдлын газарт яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Утас: 101, 7272-0303