Сенегал улсад саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Бассиру Диомай Фай ялалт байгуулсан нь Баруун Африкийн хамгийн тогтвортой орнуудын нэгийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгийнхэн сэтгэл зовж байсныг тайвшруулав. Улс төрийн PASTEF намын ерөнхий нарийн бичгийн дарга, 44 настай энэ хүн сонгуулийн эхний шатанд сонгогчдын 54 хувийн санал авч эрх баригч намын өрсөлдөгчөө ялжээ. Энэ сарын 2-нд тэрбээр тус улсын тав дахь, Африк тивдээ хамгийн залуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
Ердөө хагас сар гаруйн өмнө Бассиру Диомай Фай сөрөг хүчний олонд төдийлөн танил болоогүй удирдагч, үймээн өдөөсөн хэргээр шүүхээр шийдвэрлүүлэлгүйгээр шоронд хоригдсон нэгэн байжээ. Урьд нь сонгуульт албан тушаал ер хашиж байсангүй. “Хүн амын олонх нь 30 хүрээгүй настай тус бүс нутагт Фай ялсан нь эдийн засгийн боломжгүйдээ урам нь хугарсан хүмүүст найдвар төрүүлсэн үйл явдал боллоо” гэж Африкийн шинжээчид үзэж байна. “Бассиру Диомай Фай эрх мэдэлтэй болсон нь үр бүтээлгүй Засгийн газрыг солих сайн арга нь урьдын хэвээр сонгууль болохыг олон африк хүнд нотоллоо” хэмээн шинжээчид тэмдэглэжээ. Энэ ялалт тус улсад ардчиллыг бэхжүүлж, ардчилалд хүн амыг итгүүлэхэд ихээхэн тус болов. Угандагийн сөрөг хүчнийг олон жил удирдаж буй Низза Бесигьегийн хэлснээр Сенегалд болсон сонгууль хүчин чадлыг нь сайн дайчилсан, хатуужилтай, сайтар зохион байгуулагдсан ард олонтой байхад Африкт хүчирхийллийн бус замаар ардчилсан өөрчлөлт хийж болохыг харуулжээ. Сонгууль уг нь хоёрдугаар сарын 25-нд болох товтой байсан ч зарим нэр дэвшигчийн цөл байдлаас үүдэж үүссэн маргаанаас шалтгаалан Ерөнхийлөгч асан Маки Саль 10 сараар хойшлуулсан аж. Дэмжигчдээ үймээн самуунд уриаллаа хэмээн үзэж, 2023 онд тараасан сөрөг хүчний PASTEF намын дэмжлэгийг унагах нь дээрх арга хэмжээний гол зорилго байлаа. Эцсийн эцэст Үндсэн хуулийн зөвлөлийн (Дээд шүүх) гишүүд Ерөнхийлөгчийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, сонгуулийг товлосон хугацаанд нь явуулахаар болсон байна. Халаагаа өгсөн Маки Саль 2012 онд Ерөнхийлөгч болжээ. Диомай Фай албаа хүлээж аваад хэдхэн аг өнгөрөхөд өөрийн холбоотон, сөрөг хүчний удирдагч Усман Сонког Ерөнхий сайдаар томилсон. Сонко “Тусгаар тогтносон, шударга, хөгжин эцэглэсэн Сенегал улсыг хөтөлбөрийнхөө хүрээнд авч явах болно” гэж мэдэгдэв.
Сонко, Фай нар 2014 онд сөрөг хүчний “Африкийн Сенегалын эх орончид хөдөлмөр, ёс суртахуун, ах дүүсэг ёсны төлөө” хэмээх намыг үүсгэн байгуулжээ. Гэвч тус намыг хууль бус гэж үзэж тараав. Арав шахам жил оршин тогтнохдоо энэ нам Сенегалын олон түмний дунд ихэд нэрд гарсан. ол нь түүний удирдагч Сонко Францын шинэ колоничлолыг эсэргүүцэж байсан нь хүмүүсийн санаанд нийцсэн байна. 2023 онд Сонко, Фай хоёул шоронд оров. Сонког улсын аюулгүй байдалд заналхийлсэн, алан хядагч байгууллагуудтай холбоо сүлбээтэй байсан гэж буруутгажээ. Файг болохоор шүүхэд хүндэтгэлгүй хандсан, гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэж шийтгэв. Тэднийг өнгөрсөн оны гуравдугаар сард Ерөнхийлөгч асны үзүүлсэн өршөөлөөр сулласан. Гэсэн ч Сонког Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг Үндсэн хуулийн зөвлөл хориглов. Сенегал улсаа сэргээн мандуулж, улсаа удирдах тогтолцоог эрс өөрчлөхөө сонгуулийн сурталчилгааны үеэр Фай амласан байна. Энэ бол Сонкогийн байр суурь байлаа. Гадаад бодлогын хувьд Африкийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн, “зүүний чиглэлийн Панафриканизмын” шугамыг баримтална гэж тэрбээр ярьж байв. Сенегалд бодит тусгаар тогтнолыг эргүүлж авчирна гэж амлалаа. Батлан хамгаалах салбарт байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг эргэн харахаар төлөвлөж байв. Франц хэлээр хэвлэгддэг мэдээллийн хэрэгслүүд Фай Францаас хараат байдлыг хумьж, юуны урьд Африкийн улсуудтай хамтран ажиллахыг түшиг тулгуураа болгох нь гэж сэрэмжилж байлаа. Тухайн үед колони байсан Африкийн орнуудаа хянаж байхад Францын ашиглаж байсан франк хэмээх нэгдмэл валютын бүсээс Сенегалыг Фай гаргах нь гэж хэвлэлүүд бас мэдээлсэн. Сенегал урьд нь батлан хамгаалах салбарт Өрнөдийн хэд хэдэн улстай, түүний дотор АНУ-тай гэрээ байгуулсан байв. Францтай ч идэвхтэй харилцаж байжээ. Францын эргийн алба хаагчид Сенегалын армийн дайчдын байлдааны бэлтгэлийг хангаж байлаа.
Халаагаа өгсөн Ерөнхийлөгч Маки Салийн эвслээс нэр дэвшсэн, гол өрсөлдөгч, 2022-2024 онд Ерөнхий сайдаар ажилласан 62 настай Амаду Ба шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор Ерөнхий сайдын албаа өгөөд байсан аж. Ерөнхийлөгч асан, бүрэн эрх нь энэ сарын 2-нд дууссан Маки Саль ч Файд баяр хүргэж “2024 оны гуравдугаар сарын 24-нд сонгууль хэл амгүй, будилаангүй болж, ялалт байгуулсан Бассиру Диомай Файд баяр хүргэе. Энэ бол Сенегалын ардчиллын ялалт юм” гэж нийгмийн сүлжээнд бичжээ.
Татварын байцаагч байсан Фай мөрийн хөтөлбөртөө улсынхаа улс төрийн ангийг эвэрлэхийг уриалсан байна. 1945 онд Франц Баруун болон Экваторын Африк олони орнууддаа гүйлгээнд оруулсан мөнгөний нэгж-франкаас салж, шинэ валюттай болох, англи хэлээр хичээл явуулахыг тэрбээр санал болгож байжээ. Фай гуравдугаар сарын 14-нд өршөөлөөр шоронгоос гараад сонгууль болохоос ердөө 10 хоногийн өмнө сурталчилгаагаа эхлүүлсэн. Усман Сонко ч бас татварын байцаагчаар ажиллаж байж.
Анхнаасаа Сонко Ерөнхийлөгчөөр сонгогдох ёстой байв. Түүнийг 2012 онд бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт холбогдуулж, 2023 онд цагаатгасан ч удалгүй баривчилж үймээн самуун дэгдээхээр бэлтгэсэн хэмээн үзжээ. PASTEF намын удирдагчийг сонгуулиас өмнө суллахгүй нь тодорхой болсон тул сөрөг хүчин Файгийн нэрийг дэвшүүлж, Сонко ч түүний төлөө саналаа өгөхийг уриалсан байна. Тэрбээр сонгогчдод хандан “Тэр надаас ч илүү шударга хүн гэж би хэлнэ. Мөрийн хөтөлбөрөө түүнд итгэж хүлээлгэн өгч байна” гэж хэлжээ. Зурагт хуудсанд энэ хоёр улс төрчийг хамтад нь дүрслэн харуулаад “Диомай бол Сонко юм” гэж бичсэн байв. Хэвлэлүүдийн үзсэнээр чухам энэ сурталчилгаа Файг сонгогдоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
Албаа өгсөн Ерөнхийлөгч асан Маки Саль 2019, 2023 онд Сочи, Санкт-Петербургт болсон “Россия-Африка” дээд хэмжээний уулзалтад хоёуланд нь оролцсон аж. Түүний хэлснээр Африк тивд төмөр зам, эрчим хүч хэрэгтэй, үүнд хөрөнгө оруулах боломж Орост байв. Саль бас Орос-Украины зөрчлийг зохицуулах санаачилга гаргасан Африкийн долоон улсын үйл ажиллагаанд оролцсон төдийгүй Дакарын хүчин зүтгэлээр 2023 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж байжээ. Тэдний ярианы гол сэдэв нь худалдаа-эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын тухай байлаа. Оросын Гадаад хэргийн яамны үнэлж буйгаар Москва, Дакарын харилцаа “тогтвортой” байгаа аж. Сенегал юуны урьд эдийн засгийн хамтын ажиллагааг сонирхож байна. Санал асуулгын дүнгээр сенегалчуудын 71 хувь нь улс орноо буруу замаар явж байна гэж үздэг, 62 хувь нь эдийн засгийн байдлаа муу гэж үнэлдэг байна. Тэгвэл Сонкогийн бодлогыг үргэлжлүүлж, томоохон ордуудаа ашиглахыг Фай амласан.
Дэлхийн банкны үнэлгээгээр Сенегал нь Африкийн тогтвортой орнуудын нэг юм. 1960 онд Францын колони байхаа больсноос хойш Сенегалд сонгуулийн үр дүнгээр Ерөнхийлөгчийн засаглал хэрэгжих энх амгалан гурван үе өнгөрчээ. Сая халаагаа өгсөн Маки Саль 2012 онд анх Төрийн тэргүүнээр сонгогдсон. 019 оноос хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна. 2016 онд бүх нийтийн саналаар дэмжигдсэн Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нь таван жилээр сонгогдож, энэ албыг дараалан хоёр удаа хаших эрхтэй юм. Маки Салийг сонгогдох үед Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа долоон жил байжээ.
1998 онд баталсан хуулиар Сенегалд нефтийн салбарт үйл ажиллагаа явуулахыг гадаадын компаниудад зөвшөөрсөн бөгөөд орд газрыг судлах, ашиглахад улсын “Petrosen” компани нь оролцох эрхтэй байдаг. Тус улс томоохон нефть экспортлогч болох боломжтой юм. Олон улсын валютын сангийн баримтаар 2013-2017 онд Сенегалд 400 сая баррель нефть, 4.2 их наяд шоо метр хийн нөөцтэй орд газруудыг илрүүлсэн байна. Украинд дайн дэгдсэнээр Оросын нийлүүлдэг байгалийн шатдаг хийг Сенегал, Нигери, Анголын нөөц нөхөж чадна гэж “Bloomberg” мэдээлсэн байдаг. Европын зөвлөлийн үзэж буйгаар 2023 онд Европын Холбоонд гол нийлүүлэгч нь Норвег, АНУ байв. Үүн дээр Умард Африкийн орнууд Британи, Катар нэмэгдэж байгаа юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант