Сүүлийн үед цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалтын улмаас бие махбод, сэтгэл санаагаараа хохирсон залуус шүгэл үлээж эхэллээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Энэ бол өнгөрсөн асуудал, ийм л байдаг, энэ зэргийн асуудлыг давж гарахгүй бол энэ сургуулийг төгсөхгүй гэх мэт хэвшмэл ойлголт төрүүлж, буруу зүйлийг дэмжиж, хаацайлж хэрхэвч болохгүй. Энэ буруу үзэл хандлага, болчимгүй, байж боломгүй үйлдлүүд нь өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд нэг нэгнээ шоглох, дээрэлхэх, ялгаварлан гадуурхах буруу үлгэр дуурайлал болж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа хийсэн. Тус судалгаагаар “Хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг хүмүүсээр үе тэнгийн хүүхдүүд нэрлэгдсэн байна. Өсвөр үеийнхний 37.4 хувь нь энэ хариултыг өгсөн бөгөөд хот, хөдөө болон жендерийн хувьд ялгаа гараагүй.
Бид Хүүхэд хамгааллын хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хуульчлан оруулсан.
Хүүхдэд үе тэнгийнхний дээрэлхэлт болон бие махбодын шийтгэлээс ангид байх эрхийн тухай, мөн хор уршгийн тухай таниулах нь чухал. Хоёрдугаарт, хүүхэд, залуучуудын дунд өөрөө эсвэл хэн нэгэн дотнын хүн нь хүчирхийлэлд өртвөл нэн тэргүүнд эцэг, эхдээ, эсвэл сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, Хүүхдийн тусламжийн 108 утас, цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэж тусламж, дэмжлэг авч, эрхээ хамгаалуулах хэрэгтэй гэдгийг учирлаж ойлгуулъя" хэмээв.