Цаг агаар дулаарсантай холбоотойгоор нуур, голын ойр орчимд шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байгааг УОК-оос өчигдөр мэдээлэв. Цаг уур, орчны шинжилгээний газрын хийсэн хэмжилтээр өчигдрийн байдлаар Сэлбэ голын усны түвшин Дамбадаржаа орчимд 131 см-т хүрч, аюултай түвшинд очсон байна. Мөн Дунд голын усны түвшин “Натур”-ын гүүрний хойд хэсэгт нэмэгдэж, далангийн эргийг давах шахаад буй гэнэ. “Натур” орчимд үерийн ус ихтэйгээс ойролцоох айл өрхүүд ч эрсдэлд оржээ. Мөн орон сууцын гадна автомашин байрлуулбал усанд автах эрсдэлтэй байна. Түүнчлэн Гачуурт орчмын зуслангийн бүсийн авто замын дагуу шар усны үер бууж, зорчиход хүндрэлтэй болов. Энэ он гарснаас хойш голын халианы усанд автсан дөрөв, гүний болон хөрсний шар усны үерт автсан 88 дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажилласан гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10 000 тн ус соруулж, 10 орчим тн лагийг зөөвөрлөөд буй аж.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн