Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх зорилгоор 2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Арилжааны банкууд 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр хувьцааныхаа тодорхой хувийг олон нийтэд арилжаалжээ. Тодорхой хэлбэл, системд нөлөө бүхий банкууд эхлээд 5-10 хувиа худалдаж, цаашид 40-65 хувийн хувьцаагаа нэмж гаргах, эсхүл одоо байгаа хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцаагаа бусдад худалдах замаар 20 хувийн шаардлагыг хангуулах хүлээлт бий. Энэхүү хууль хэрэгжиж эхэлсэн ч өмнө нь яригдаж ирсэн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудал дахин хөндөгдсөн. Хувьцаат компаниуд хөрөнгийн биржид гарсан ч том хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг эхэнд тавигддаг үзэгдэл үргэлжилсээр байна. Тиймээс дээрх хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй энэ мэт асуудлыг шийдвэрлэхгүйгээр цааш алхахгүй. Арилжааны банкууд хөрөнгийн захад хөл тавьсан нь сайшаалтай ч хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах, хөрвөх чадвараа сайжруулах тал дээр хойрго хандаж буй. Дээрх асуудлаар мэргэжлийн болон оролцогч талуудын байр суурийг хүргэж байна.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван энэ тухайд “Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад арилжааны банкууд “цусны эргэлт”-ийг хангаж ирсэн. Тус салбарын хувьцаа эзэмшигчдийн хэт төвлөрлийг бууруулах, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр системийн нөлөө бүхий таван банк, үүн дээр нэг банк нэгдээд 480 гаруй тэрбум төгрөгийг босголоо. Улмаар харилцагчид хувьцаа эзэмшигч болсон гэсэн үг. Гэвч жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах асуудал гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, давуу эрхт хувьцаа эзэмшигчид жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна. Банкууд IPO хийснээс хойш тулгамдсан гол асуудлуудын нэг энэ” хэмээн тодотгов.
Цаашид хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын болон олон улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн явцад бодит бэрхшээлтэй нүүр тулна. Тодорхой хэлбэл, жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах асуудал шүдний өвчин болсон. Иймд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Банкны хувьцаа эзэмшигчийн эрх болон үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт зохицуулагч этгээдүүд, банк, үнэт цаасны компани, хувьцаа эзэмшигчдийн төлөөллүүд оролцож, тулгамдсан асуудлаа шийдвэрлээд цааш алхах уу, эсвэл ужгирсан асуудалдаа ороогдоод үлдэх үү гэдэг асуултад хариулт хайж байна.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Хөрөнгийн зах зээл дээр банкууд IPO гаргасан нь тухайн салбарт томоохон үүрэг, хариуцлага ногдуулж байна. Гэвч засаглалын доголдол үүссэн. Тодруулбал, том хувьцаа эзэмшигч нь жижиг хувьцаа эзэмшигчээ үл тоомсорлох, хувьцааны үнэ цэнийг унагах, жижиг хувьцаа эзэмшигчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулахгүй байх зэрэг асуудал гардаг. Өнөөдөр банкны салбар 70 мянган хувьцаа эзэмшигчтэй боллоо. Тэгвэл тэднийг сургах, эрх үүргээ ойлгох, эрхээ хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.
Тайлангаа ил болгосон компаниуд хохирдог
“Capital Markets Mongolia” үүсгэн байгуулагч Э.Золбаяр “Тоглоомын дүрмийг эхнээс нь тодорхой болгомоор байна. Яг ямар мэдээллийг олон нийтэд түгээх вэ. Мөн Монголын хөрөнгийн биржид эхлээд тайлан өгөх юм уу. Эсвэл компанийн сайтад шууд гаргах уу гэдэг асуулт хариултгүй байна. Өнөөдөр Монголын хөрөнгийн биржид 170 гаруй компани бүртгэлтэй. Гэтэл дээрх компанийн ихэнх нь мэдээллээ тавьдаггүй. Тиймээс тайлангаа ил гаргасан компаниуд хохирдог. Энэ мэтээр бүх компанийн дүрэм журам тодорхойгүй. Зөрчил илэрсэн тохиолдолд СЗХ торгодог ч мэдээлэл мөн л хаалттай. Хамгийн сүүлийн жишээ татахад “Говь” компанийнхаа 33 хувиа зарсан. Гэтэл хэн хувьцааг нь авсан талаарх мэдээлэл тав хоног хаалттай байлаа. Уг нь энэ хугацаа хөрөнгө оруулагчид мэдээлэл авч, цаашид яахаа шийдвэрлэх эгзэгтэй мөч. Гэтэл хөрөнгө оруулагчдад энэ мэт мэдээлэл хаалттай байгаа нь хохирол учруулах эрсдэлтэй” хэмээв.
Хувьцаат компаниудын хөрөнгө оруулагчид тодорхойгүй мэдээлэл дунд явж ирсэн. Нөгөө талдаа жижиг хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл тэр бүр хүрдэггүй. Харин том хувьцаа эзэмшигчид нь дуртай үедээ дуудаад мэдээллээ авдаг цоорхой ч бий. Дотоод мэдээллээ ашиглаад хувьцаанд хөрөнгө оруулалт хийх тохиолдол гардаг аж. Гэтэл хөрөнгийн зах зээлээ ч ойлгоогүй удирдлагатай байхад хувьцаа эзэмшигчдийн тухай ярих хэрэг юун.
“Апекс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор “Компаниудын хөрвөх чадвар сул байна. Банкны салбарт өмнө нь 6 их наяд төгрөг эргэлддэг байсан бол өнөөдөр 11 их наяд төгрөгт хүрсэн. Гэвч зах зээл нь томорсон ч хөрвөх чадваргүй. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд нээлттэй болсон ч хөрөнгө оруулагчид буцаж гарах эрсдэл бий. Хөрөнгө оруулагчид хөрөнгөө хаана байршуулах вэ гэх асуултад тодорхой хариулах ойлгомжтой хэлцэл рүү орохыг илүүд үздэг. Мөн үнэт цаасны компаниудын чадавхийн асуудал ч хөндөгдөнө. Хамгийн гол нь тухайн компанийн мэдээлэл чухал” гэж байр сууриа илэрхийллээ.
Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ болоод Хувьцаа эзэмшигчдийн хурлаар гол асуудлаа ярихын оронд бэлгээр гишүүдээ аргалах нь бий. Уг нь тухайн компанийн тайлан, төлөвлөгөө, үр дүнг хувьцаа эзэмшигч болоод олон нийтэд нээлттэй байлгах нь хөрөнгө оруулалт татах нэг гарц. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд дэлхийн бусад стандарттай өрсөлдөх шаардлага үүснэ. Гэтэл бодит нөхцөлийг олон улстай харьцуулшгүй. Тиймээс өнөөдөр том хувьцаа эзэмшигчид нь “мангас”, жижиг хувьцаа эзэмшигчид нь “хохирогч”-ийн дүрд тоглосоор байгаа аж.
“Инвескор ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Билгүүн энэ талаар “Хувьцаа эзэмшигчид том, жижиг гээд хуваагддаг. Ингэж хуваагдахын оронд нэгэнт нээлттэй хувьцаат компани болсон бол хамтын шийдвэрт хүрч, хүчээ нэгтгэх учиртай. Тухайн компанийн бүх хувьцаа эзэмшигч тэгш эрхтэй. Том хувьцаа эзэмшигч нь бизнесээ томруулахад анхаарах, хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх, нэгж хувьцааны үнийг өсгөхөд юу хийх вэ гэх мэт удирдлага, менежментийн асуудалд төвлөрөхийн оронд талцан хуваагдах үзэгдэл оршсоор байна” гэсэн юм.
Хувьцаат компаниудад тулгамдаж буй гол асуудлын нэг нь хувьцаа эзэмшигчид өөрсдийн эрх үүргийг ухамсарлаж, ажиллах явдал юм. Санхүүгийн зохицуулах хорооны ХЭЗХ-ийн дарга Ж.Мөнх-Оргилоос энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Тухайн компанийн засаглалаас хамаарч хувьцаа эзэмшигчдийн эрх тэгш байдал хангагдах уу, үгүй юу гэдэг нь харагдана. Хуульд том, жижиг хувьцаа эзэмшигч хэмээн ялгахгүйгээр тэгш эрхтэй байхыг заасан. Хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, санал өгөх, ногдол ашиг авах, мэдээлэл шаардах, хяналт тавих, хохирол учирвал нэхэмжлэл гаргах, татан буулгасан тохиолдолд өмчлөх эрхээ эдэлж, өөрт оногдох хувьцааны хөрөнгөө авах зэрэг нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрх. Хамгийн гол нь ТУЗ-ийн гишүүнийг зөв сонгож, бүтцээ бүрдүүлэх учиртай. ТУЗ чадварлаг үнэнч зарчмаар ажилласнаар хувьцаа эзэгчдийн эрхийг хамгаалах нөхцөл бүрдэнэ. Тиймээс Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж чадахуйц чадварлаг ТУЗ-ийн гишүүнийг сонгох замаар компанийн үйл ажиллагаанд хяналт тавих нь чухал” хэмээн ярив.
ТУЗ мэргэжлийн үйл ажиллагаа явуулж чадаагүй жишээг одоо хуваалцъя
Эрх зүйн хүрээнд дээрх шиг асуудлыг шийдвэрлэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг сааруулах, мэргэжлийн байгуулагаар дамжуулан Үнэт цаасны зах зээлд оролцох шаардлагатай. Хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл их эсэхээс хамаарч том хувьцаа эзэмшигч компанийг удирддаг. Тиймээс компанийг удирдах явцдаа үнэн шударга ажиллаж буй, эсэхийг шалгуулах хүсэлт гаргах эрх жижиг хувьцаа эзэмшигчдэд бий. Мөн Архив болон Компанийн тухай хуулиар ямар ч хувьцаа эзэмшигчдийг мэдээллээр хангах үүрэгтэй. Гэвч “Мэдээлэл байхгүй байна” гэх үгээр амыг нь таглачихдаг аж. ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга бол өндөр хариуцлагатай албан тушаалтан учраас хараат бус, мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай. Түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчдээ Хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох эрхийг хязгаарлах зөрчил гардаг. Уг нь дээрх шиг хязгаарлах эрх зөвхөн шүүхэд бий. Гэтэл том хувьцаа эзэмшигч энэ мэтээр зөрчил гаргаж, албан тушаалаа урвуулан ашиглах эрсдэлийг үүсгэсээр байна. Энэ нь хууль бус засаглалын хямралыг өнөөдрийн түвшинд авчирсан гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Монголын банкны холбооны Компанийн засаглалын мэргэжлийн зөвлөлийн дарга З.Солонго “Арилжааны банкуудын онцлог нь хувьцаа эзэмшигчдээс хөрөнгө татаад бизнес хийдэг өндөр зохицуулалттай орчин. Зургаан банк ээлж дараалан хувьцаат компани болох алхамаа хийлээ. Тэгвэл жижиг хувьцаа эзэмшигчдийн боловсролыг нэмэгдүүлэх, тэр дундаа компани гэж юу вэ, ямар төрлийн хувьцаа гаргадаг вэ, онцлог, хувьцаа эзэмшигчийн эрх үүрэг зэрэгт мэдлэгжүүлэх шаардлага бий. Хамгийн наад зах нь жижиг хувьцаа эзэмшигч өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй. Харин хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх, компанийн талаарх тайлангийн мэдээллийг авах зэрэг эрх нь нээлттэй гэдгийг ойлгуулах нь чухал” хэмээн дурдав.
Ташрамд дурдахад, ногдол ашиг тараасан бол сайн компани гэдэг ойлголт өрөөсгөл. Хөрөнгө оруулагчид богино эсвэл урт хугацаанд хэрхэн санхүүжилт хийх, эсэхээ өөрсдөө шийддэг. Харин компанийн удирдлага хөрөнгийн зах зээлээ ч ойлгодоггүй. Тиймээс мэдээлэлгүй хувьцаат компаниуд Монголоор дүүрэн. Түүнчлэн зөвхөн хувьцаа эзэмшигчтэй харилцах бус гаднаас хөрөнгө оруулалт татах тухай яригдана. Энэ нь хувьцааны идэвх, үнэ, эрэлтийг нэмэгдүүлэх гарц юм. Гэтэл компаниуд дээрх гол ажлаа хийдэггүй. Жишээлбэл, АНУ-д хувьцаат компаниуд жилд 500 гаруй уулзалт хийж, шинэ хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгдөг. Гэтэл Монголд дээрх шиг уулзалт арав ч хүрдэггүйгээс компаниуд улам хаалттай болсоор байна.